settings icon
share icon
Асуулт

Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэг гэж юу вэ? Тэд юунд итгэдэг вэ?

Хариулт


Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэгийг (Цаашид “Бурханы Сүм” гэх) анх Ан Сан Хун гэгч эр 1964 онд Өмнөд Солонгост үүсгэн байгуулсан. Тэрээр 1918 онд буддист гэр бүлд төрсөн бөгөөд Долоо дахь өдрийн Адвентист Сүмд олон жил явжээ. Тэрээр өөрийгөө Есүсийн анх бий болгосонтой адил сүмийг, Анхны Чуулганыхтай яг л адил үнэнийг тээсэн Бурханы Сүмийг сэргээсэн хэмээн зарласан байна. Тэрээр 1985 онд нас баржээ.

Бурханы Сүм нь энэ дэлхийд махан биеэр ирсэн Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг. Ан Сан Хуны сүнслэг эхнэр болох Жан Гил Жа нь “Эх Бурхан” хэмээн тодорхойлогддог. Бурханы Сүмийн гол онол сургаалаар бол “Эх Бурханд итгэх итгэл Бурханы сүмийн онцлогийг илтгэх гол цөм юм... Бидэнд гай зовлон тохиолдох бүрд Эх Бурхан хажууд зогсож, бидний төлөө уйлан залбирч байдаг” гэж заадаг. “Эх Бурхан”-ы талаар, мөн түүний оршин байдаг талаар Библид нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин Бурхан бол бид бүхний Эцэг юм гэдгийг Библи олон удаа давтан өгүүлдэг. Илчлэл 21:2-т Шинэ Йерусалим нь чимэглэгдсэн үзэсгэлэнт сүйт бүсгүй болж дүрслэгдсэн. Харин 9-10-р эшлэлүүдэд гарч буй “Хурганы эхнэр”, “Шинэ Йерусалим” нь нэг ижил утгатай байна. Шинэ Йерусалим бол хот суурин болохоос хүн биш гэдэг нь ойлгомжтой. Энэ тохиолдолд, хот бол Бурханы тэнгэрлэг хотод суугаа Эзэнээр золигдсон чуулган юм. Тэгэхээр, Хурганы “эхнэр” гэдэг бол шууд хадмал утгаараа биш, бэлэгдлийн чанартай хэллэг.

Бурханы Сүмийн бас нэг худал сургаал бол Эцэг Бурхан, Хүү Бурхан, Ариун Сүнс Бурхан тус тусдаа хувь шинж чанартай, бие даасан оршихуйнууд бус, харин зүгээр л нэг Бурхан Өөрийгөө өөр өөр байдлаар илтгэн харуулж буй илэрхийлэмж хэмээн тайлбарладаг. Энэ сургаалийг модализм гэж нэрлэх тэрс үзэл хэмээн үздэг. Библид, Бурханыг нэг Бурхан гээд, харин гурван тусдаа оршигч, тус тусдаа хувь шинж чанартай бодгаль байгааг тайлбарладаг: Энэ бол Эцэг, Хүү, Ариун Сүнс юм.

Бурханы Сүмийнхэн нь Ёхова бол Эцэг, Есүс бол Хүү, Ан Сан Хун бол Ариун Сүнс гэж итгэдэг. Библид Ариун Сүнсийг оюун ухаан, сэтгэл зүй, хүсэл зорилготой тэнгэрлэг, хувь шинжтэй Оршигч гэж заадаг. Ариун Сүнс бол Бурхан гэдгийг Бичвэрийн олон эшлэлүүдээс харж болох бөгөөд тэдний нэг нь Үйлс 5:3-4 юм. Өөрийгөө Ариун Сүнс гэж тунхаглаж байгаа хэн бүхэн Бурханыг доромжилж буй хэрэг.

Аврал нь Ёхова, Есүс болон Ан Сан Хуны нэрэнд итгэснээр ирэх бөгөөд аврал авахын тулд баптисм хүртэх шаардлагатай гэж Бурханы Сүм заадаг. Харин Библид зөвхөн Есүс Христээр дамжин аврал ирнэ гэж заадаг (Үйлс 4:12; Иохан 14:6). Ан Сан Хуны нэрээр аврагдана гэх нь Бурханы эсрэг доромжлол юм. Есүс Христэд итгэх итгэл дээр нэмээд ямар нэг өөр зүйлс шаардах нь үйлс төвтэй аврал. Сайнмэдээнд ямар нэг зүйл нэмэх нь загалмай дээрх Есүсийн үхэл биднийг аврахад хангалтгүй гэсэн санааг илэрхийлдэг. Харин Библийн Ром 5:8, 2Коринт 5:21-р эшлэлүүдийг харвал зөвхөн Есүсийн үхэл л бидний бүх гэм нүглийн өрийг төлөхөд бүрэн хангалттай гэж айлдсан байдаг. Есүсийн зөвт байдал бидэнд зөвхөн итгэлээр аврагдах боломжийг өгсөн билээ (Иохан 3:16; Үйлс 16:31; Ефес 2:8-9). Тиймээс, аврал авахад баптисм хатуу шаардлагатай гэж үзэх боломжгүй.

“Ан Сан Хун Христ” нь Ариун Сүнсний үед ирсэн Аврагч бөгөөд хоёр дахиа ирсэн Христ гэж Бурханы Сүм зарладаг. Энэ онол сургаал нь Библийн Илчлэл номонд гардаг “Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Тэр өөрөөс нь өөр хэн ч эс мэдэх, бичигдсэн нэгэн нэртэй байлаа. Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг ‘Бурханы Үг’ гэдэг ажээ” гэсэн эшлэлтэй зөрчилддөг (19:12-13). Өөрийгөө Бурханы Үг хэмээн тунхаглаж байгаа хэн бүхэн Бурханыг доромжилж буй хэрэг юм.

Ан Сан Хун бол хуурамч зөнч байсан. Тэр Христийг 1967 онд ирнэ хэмээн худал зөгнөсөн боловч дараа нь он сараа өөрчилж 1988 он болгосон. Бурханы Сүмээс дэлхийг 1967 онд сөнөнө гэж мэдэгдсэн ч, дараа нь үүнийгээ 1988 он болгож, эцэст нь 2012 он болгон өөрчилсөн. Ан Сан Хуныг худалч гэдгийг түүх баталсан. Эцсийн үеийн тэмдгүүдийн нэг нь хуурамч зөнчид, хуурамч Мессиа нар ихсэх явдал юм хэмээн Бичвэрт тэмдэглэгдсэнийг энд дурьдах нь зүйтэй. Ан Сан Хун бол яах аргагүй хуурамч эш үзүүлэгч, хуурамч мессиагийн ангилалд орох нь тодорхой.

Бурханы Сүмийн итгэл үнэмшил, онол сургаал нь Христитгэлтэй огтхон ч эн зэрэгцэхгүй.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэг гэж юу вэ? Тэд юунд итгэдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries