Асуулт
Бурхан биднийг яагаад бүтээсэн бэ?
Хариулт
"Бурхан биднийг яагаад бүтээсэн юм бэ?" гэсэн асуултад товчхон хариулах юм бол "Бурханы тааламжид" зориулагдсан гэж болно. Илчлэл 4:11 ишлэлд ийнхүү өгүүлжээ: "Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, Алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас Тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм." Колоссай 1:16 дээр "Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна" гэж энэ санааг давтан өгүүлсэн байна. Бурханы тааламжид зориулж бүтээгдсэн гэдэг нь хүн төрөлхтөн Бурханыг хөгжөөх эсвэл Түүний зугааг хангах байдлаар бүтээгдсэн гэсэн үг биш юм. Бурхан бол бүтээлч чанартай Оршигч бөгөөд тэрхүү бүтээх явц нь Түүнд таашаал өгдөг. Бурхан бол хувьчилсан чанартай Оршигч бөгөөд Түүнтэй жинхэнэ харилцаатай байж чадах өөр ямар нэг оршигч байх нь Түүнд тааламжтай байдаг.
Бурханы дүр төрх, Түүнтэй адил бүтээгдсэний (Эхлэл 1:27) хувьд хүн Бурханыг мэдэх чадвартай тул Түүнийг хайрлаж, Түүнд мөргөн, Түүнд үйлчилж, Түүнтэй нөхөрлөдөг. Бурхан Өөрт нь хэрэгцээтэй учраас хүмүүсийг бүтээгээгүй. Бурханы хувьд Түүнд юу ч хэрэггүй. Өнгөрсөн мөнхийн эринд, Бурхан ганцаардсан тухай дурдаагүй, тиймээс Тэр "найз" хайсангүй. Тэр биднийг хайрладаг, гэхдээ энэ нь бид Түүнд хэрэгцээтэй гэсэн утгатай биш. Хэрэв бид оршин байгаагүй байсан ч Бурханы хувьд Бурхан хэвээрээ, өөрчлөгдөшгүй байна (Малахи 3:6). БИ БАЙГАА (Гэтлэл 3:14) нь хэзээ ч Өөрийн мөнхийн оршихуйдаа сэтгэл дундуур байгаагүй. Тэрээр ертөнцийг бүтээхдээ Өөрт таалагдсан зүйлээ хийсэн бөгөөд нэгэнт Бурхан төгс учраас Түүний үйлдэл нь төгс байв. Энэ нь "нэн сайн болсон" байлаа (Эхлэл 1:31).
Цаашилбал Бурхан Өөртэйгөө адилхан оршигч буюу "үе чацуутан" бүтээгээгүй. Логикоор бол Тэр үүнийг хийж чадахгүй. Хэрэв Бурхан хүч чадал, оюун ухаан, төгс төгөлдрийн хувьд ижилхэн өөр нэг оршигчийг бүтээсэн бол хоёр бурхантай болно гэсэн энгийн шалтгаанаар боломжгүй болох буюу Тэрбээр цор ганц, үнэн Бурхан байхаа болино гэсэн үг. "ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр байхгүй" (Дэд хууль 4:35). Бурханы бүтээсэн аливаа зүйл Түүнээс ач холбогдлын хувьд доогуур байх ёстой. Хийгдсэн зүйл нь хийсэн, бүтээснээсээ илүү агуу юмуу эсвэл адилхан чанартай байж чадахгүй.
Бурханы бүрэн эрхт байдал, ариун байдлыг таньж мэдсэнээр Түүний хүнд "алдар хүндийн титмийг" өмсгөж (Дуулал 8:5), хүнийг "найз" (Иохан 15:14-15) гэж дуудах чухал соёрхол өгснийг харж, бишрэх боломж олддог. Бурхан биднийг яагаад бүтээсэн юм бол? Бурхан Өөрийн тааламжийн төлөө биднийг бүтээсэн, тэгснээр бид Түүний бүтээлийн хувьд Түүнийг мэдэх тааламжийг олж авах болно.
English
Бурхан биднийг яагаад бүтээсэн бэ?