Гэмшил нь юу вэ, энэ нь авралд хэрэгтэй юу?



Асуулт: Гэмшил нь юу вэ, энэ нь авралд хэрэгтэй юу?

Хариулт:
Олон хүмүүс гэмшил гэх нэр томъёог “гэм нүглээс эргэх” гэж ойлгодог. Энэ бол гэмшлийг тодорхойлж буй Библийн дүгнэлт биш. Библид гэмших гэдэг үг нь “оюун санаагаа өөрчлөх” гэсэн утгатай байдаг. Библи мөн жинхэнэ гэмшил нь үйлдлийн өөрчлөлтөнд хүргэнэ гэж хэлдэг (Лук 3:8-14; Үйлс 3:19). Үйлс 26:20 хэсэгт Паул “...Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхагласан. Гэмшлийн талаарх библийн бүтэн тодорхойлолт нь оюун санаагаа өөрчлөх нь үйлдлийн өөрчлөлтөнд хүргэх ёстой гэсэн утгатай.

Тэгвэл гэмшил ба авралын хооронд ямар холбоо байгаа вэ? Үйлс ном авралтай холбоотойгоор гэмшилд илүү анхаарал хандуулж байгаа мэт харагддаг (Үйлс 2:38; 3:19; 11:18; 17:30; 20:21; 26:20). Авралтай холбоотойгоор гэмших гэдэг нь Есүс Христтэй хамааралтай бодол санаагаа өөрчлөх юм. Петр өөрийн Пентекөстийн өдрийн номлолоо (Үйлс 2-р бүлэг) хүмүүсийг гэмших дуудлагаар дуусгадаг (Үйлс 2:38). Юунаас гэмших гэж? Петр Есүсийг үгүйсгэсэн хүмүүсийг дуудаж (Үйлс 2:36) тэднийг Есүсийн талаарх бодол санаагаа өөрчилж, Түүнийг жинхэнэ “Эзэн ба Христ” гэдгийг таниарай (Үйлс 2:36) гэсэн. Христийг Мессиа биш гэж үгүйсгэсэн хүмүүсийг өөрсдийн бодол санаагаа өөрчилж Түүнийг Мессиа ба Аврагч гэж итгэ хэмээн Петр уриалж байна.

Гэмшил ба итгэлийг “нэг зоосны хоёр тал” гэж ойлгож болно. Есүс Христийг хэн болох, юу хийсэн зэргийн талаар бодол санаагаа эхлээд өөрчлөхгүй бол Түүнийг Аврагч гэж итгэлээ тавих ямар ч боломжгүй. Санаатайгаар эсэргүүцэж байснаа гэмших эсвэл зүгээр л үл тоомсорлох юмуу сонирхохгүй байснаасаа гэмших зэргийг аль нь ч байсан бодол санаагаа өөрчлөх юм. Тэгэхлээр авралтай хамааралтай Библийн гэмшил бол Христийг эсэргүүцэж байснаа бодол санаагаа өөрчлөн Христэд итгэх юм.

Гэмшил гэдэг бол бид авралыг олж авахын тулд хийдэг ажил биш гэдгийг ойлгох нь маш чухал хэрэг юм. Бурхан хүнийг Өөр рүүгээ татаагүй бол хэн ч гэмшиж, Бурхан руу ирж чадахгүй (Иохан 6:44). Үйлс 5:31 болон 11:18 ишлэлд гэмшил нь Бурханы өгдөг зүйл гэдгийг заадаг бөгөөд Түүний нигүүлслийн улмаас л энэ нь боломжтой болсон гэдэг. Бурхан л гэмшлийг зөвшөөрөхгүй бол хэн ч гэмшиж чадахгүй. Гэмшил ба итгэл зэрэг авралын бүх зүйлс нь Бурхан биднийг өөртөө татаж, бидний нүдийг нээн, бидний зүрхийг өөрчилсний л үр дүн юм. Бурханы тэвчээр нь биднийг гэмшилд хүргэдэг (2Петр 3:9) бөгөөд энэ нь Бурханы сайхан сэтгэлтэй холбоотой (Ром 2:4).

Хэдий гэмшил нь авралыг олж авах гэсэн үйлс биш боловч авралд хүргэх гэмшлийн үр дүнд үйлс гардаг. Үйлдэлд өөрчлөлт гарахгүйгээр бодол санаагаа үнэхээр бас бүрэн хэмжээнд өөрчилсөн гэдэг нь боломжгүй. Библиэс харвал гэмшил нь зан хандлагын өөрчлөлтөнд хүргэдэг. Тийм учраас Иохан баптисм хүмүүсийг “...гэмшилд зохистой үр жимсийг гарга” (Maтай 3:8) гэж уриалсан. Христийг эсэргүүцэхээс үнэнээсээ гэмшиж, Христэд итгэх болсон хүн нь өөрлөгдсөн амьдралын нотологоо харуулна (2Коринт 5:17; Галат 5:19-23; Иаков 2:14-26). Зөв тодорхойлогдсон гэмшил нь авралд зайлшгүй хэрэгцээтэй. Библийн гэмшил нь Есүс Христийн талаарх бодол санаагаа өөрчилж, авралын төлөө итгэлээр Бурхан руу эргэх юм (Үйлс 3:19). Гэм нүглээс эргэх гэдэг нь гэмшлийн тодорхойлолт биш, харин Эзэн Есүс Христ рүү чиглүүлсэн итгэлд тулгуурласан жинхэнэ гэмшлийн дүр дагаврын л нэг юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Гэмшил нь юу вэ, энэ нь авралд хэрэгтэй юу?