Асуулт
Эх бурхан гэж байдаr уу?
Хариулт
Эмэгтэй бурхдыг шүтэх явдал Христитгэлээс өөр шашнуудад түгээмэл байдаг. Бараг шашин бүрд ямар нэг эмэгтэй бурхан байдаг. Бурхан Эцэгт эмэгтэй хувилбар, эсвэл эмэгтэй мөн чанар байдаг гэсэн санааг Библи огт дэмждэггүй болохыг зарим хүмүүс үл хайхран, эх бурхан гэгч үзэл санааг Христитгэлд шургуулах гэж оролддог.
Эртний израилчуудын хүлээн зөвшөөрдөг байсан Ашераг зарим хүмүүс эх бурхны нэг жишээ болгодог. Тэд Ашераг эмэгтэй бурхан гээд зогсохгүй Иеховагийн эхнэр байсан гэж үздэг. Иеховаг шүтэх израилчуудын шашин Баал бурхныг шүтэх шүтлэгээс гаралтай гэсэн таамаглал дээр үндэслэн энэ мэтийн Баал-улбаатай үзэл санаанууд урган гарч ирсэн байна. Канааны домог судлалаас харвал Ашера нь Баалын эхнэр байсан, харин Мосегийн Хуульд түүнийг шүтэх явдлыг хатуу хориглох болсон (Дэд хууль 16:21). Израилчуудын хувьд Ашерад мөргөх нь ноцтой тэрслүү хэрэг ба жигшүүрт нүгэлд тооцогддог байв (1Хаад 15:13; 2Шастир 15:13).
Зарим нь Сургаалт үгс 8-р бүлэгт гардаг “Мэргэн ухаан”-ыг хүнчилсэн хэлбэрийг үзээд, Софияг эх бурхан гэж заадаг (Учир нь мэргэн ухааныг грекээр “София” гэдэг). 27-31-р эшлэлээс Мэргэн үгсийн хэлэгдсэн байдлыг харвал, бүтээлийн Бурхантай хамт байсан мэтээр ойлгогдож болохоор байдаг. Гэвч Сургаалт үгс ном бол тэр аяараа яруу найраг бөгөөд бэлэг тэмдгийн хэв маягийг дээд зэргээр агуулж бичигдсэн ном юм. Энд мэргэн ухааныг маш тодорхой хүнчилсэн боловч, үнэндээ бодит хүн биш. “София” бол огтхон ч хүн биш бөгөөд, Бурхан Эцэгийн эмэгтэй хамтрагч, эсвэл Түүний эмэгтэйлэг тал огтоос ч биш юм.
Үүнчлэн “Бурханы Сүм Дэлхийн Сайнмэдээний Авралын Зар Нийгэмлэг” нь Галат 4:26-г мушгин гуйвуулж, Шинэ Йерусалим гэх ойлголтыг ашиглан Эх бурхан болох Сүйт Бүсгүй Бурханд бий хэмээн заадаг. Шинэ Гэрээнд аврагдсан хүмүүс болох чуулганыг Христийн сүйт бүсгүй хэмээн нэрлэдэг болохоос, бид эх бурхан биш юм.
Мариаг Тэнгэрийн Хатан гэх зарим хүмүүс түүнийг бараг л бурханчлан шүтдэг. Гэвч тэдний энэ үзэл Библиэс огтхон ч үүсээгүй. Лук 1:47-д Мариа Бурханыг өөрийн Аврагч хэмээн гүнзгий ухааран, хүлээн зөвшөөрч байгааг харвал өөрийгөө эх бурхан гэх өчүүхэн ч санаа зорилго өвөрлөөгүй болохыг нь харж болно. Мариа бол хүн бүртэй л адилхан аврал хэрэгтэй нүгэлтэн, үхэх биетэй жирийн хүн юм.
Эх бурхныг Библиэс олох гэсэн дээрх оролдлогуудаас гадна эмэгтэй бурхдад мөргөн шүтдэг тоо томшгүй тэрсүүд шашнууд бий. Иеремиа 7:18, 44:17-25-д тэнгэрийн хатанд мөргөн үйлчлэх нь тэрслүү бузар шүтлэг гэдгийг цохон тэмдэглэсэн. Иеремиа тэрсүүд шашны онол сургаалыг хөндөөгүй, харин тэнгэрийн хатантай холбоотой сахьдаг зан үйл, ёс жаяг зэргийг яллан буруутгаж байна.
Хүмүүс байгаль дэлхий, хүрээлэн буй орчиндоо санаа тавихын хэрээр газар дэлхийн дагина гэгдэх Гайа хэмээх өөр нэгэн эмэгтэй бурхныг шүтэх явдал тархаж эхэлж байна. Гайа бол дэлхий ээж гэх хувьслын ойлголттой зарим талаараа холилдсон, эртний Грекийн үлгэр домгийн үлдэгдэл төдий зүйл. Гайа нь Грекийн үлгэр домогт гардаг бодит хүн байсан байж болох авч орчин үед бид болон ертөнц урган гарсан бодисыг хүншүүлэн үздэг сүүлийн үеийн эволюцийн үзэл баримтлал болж хувирчээ.
Эх бурхан байдаг гэсэн санааг дэвшүүлэгчид нь үнэндээ Библийн эсрэгцүүлэн хэлсэн санааг батлан харуулдаг: Библийн зарим газарт цор ганц Бурхан байдаг талаар өгүүлдэг бол, өөр хэсгүүдэд өөр олон бурхдын тухай мөн өгүүлдэг. Паул энэ талаар цохон тэмдэглэхдээ “Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнц дэх шүтээн гэгч нь юу ч биш бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ. Хэдийгээр тэнгэрт эсвэл газарт бурхад гэгдэгчид нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг гэдэг ч, бидний хувьд ганц Бурхан Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр агаад бид ч Түүгээр байгаа юм” (1Коринт 8:4-6) гэжээ. Бурхан бол цор ганц Үнэн Бурхан. Гэвч хүмүүс “бурхад” хэмээн олон юмсыг шүтдэг. “Бурхад” хэмээн нэрлэгддэг тэдний олонх нь эмэгтэй бурхад байдаг.
Хүмүүс шүтээнүүдэд ямар хүйс оноохоос үл шалтгаалан, Бурхан бол Тэнгэр газрыг Бүтээгч цор ганц үнэн Бурхан гэдгээ тодорхой хэлсэн. “Тийнхүү Надаас өөр хэн ч алга, Би ЭЗЭН, Өөр байхгүй гэдгийг наран мандахаас бас шингэхээс ч мэдэх болтугай!” (Исаиа 45:6). Эх бурхан гэж огтхон ч байхгүй.
English
Эх бурхан гэж байдаr уу?