settings icon
share icon
Асуулт

Араатны тэмдэг (666) гэж юу байх вэ?

Хариулт


"Араатны тэмдэг" гэж бичсэн Библийн гол багц хэсэг бол Илчлэл 13:15-18 юм. Бусад лавлах мэдээллийг Илчлэл 14:9, 11, 15:2, 16:2, 19:20, 20:4 зэрэг ишлэлээс харж болно. Энэ тэмдэг нь Антихрист ба хуурамч эш үзүүлэгчийн (Антихристийн төлөөлөгч) дагалдагчдын тамга болно. Хуурамч эш үзүүлэгч (хоёр дахь араатан) нь хүмүүсийг энэ тэмдгийг авахад хүргэх гол нөлөөг үзүүлнэ. Энэ тэмдэг нь шууд гар эсвэл духан дээр байрлуулагдах бөгөөд зүгээр л хэн нэгэн авч явдаг карт шиг биш юм.

Сүүлийн үед гарсан эрүүл мэндийн талбарын шинэ ололт болох чип суулгах технологи нь Илчлэл 13-р бүлэгт дурдсан араатны тэмдгийг сонирхоход хүргэж байна. Өнөөдөр бидний харж буй технологи нь эцэстээ араатны тэмдэг болон ашиглагдаж мэдэх зүйлсийн эхлэлийн шат байж мэдэх юм. Гэхдээ эмнэлгийн чип суулгалт нь араатны тэмдэг биш гэдгийг ойлгож авах нь чухал. Араатны тэмдгийг зөвхөн Антихристийг шүтэж, мөргөдөг хүмүүст л өгөх болно. Та баруун гартаа эсвэл духандаа эмнэлгийн юмуу санхүү тооцооны чип суулгуулах нь араатны тэмдэг тавиулж байгаа хэрэг биш. Араатны тэмдэг нь худалдаж авах эсвэл зарах зорилгоор Антихристэд шаардагдах эцсийн үеийн тодорхойлолт байх бөгөөд зөвхөн Антихристийг шүтэж, мөргөдөг хүмүүст л олгоно.

Илчлэл номын олон сайн тайлагчид нь араатны тэмдгийн гол мөн чанарын талаар янз бүрийн олон ялгаатай үзэл баримталдаг. Чипний суулгац гэх үзлээс гадна арьсанд шивэх иргэний үнэмлэх, микрочип, баркод эсвэл зүгээр л Антихристийн хаанчлалд үнэнч гэдгээ таниулах тэмдэг байж болно. Хамгийн сүүлчийн үзэл нь хамгийн бага төсөөлөл шаарддаг тул Библид өгсөн мэдээлэл дээр ямар нэг юм нэмж тайлбарлах шаардлагагүй аж. Өөрөөр хэлбэл, эдгээр үзлийн аль нэг нь боломжтой, үүний зэрэгцээ бүгдийг нь таамаг гэдгийг санах нь чухал. Бид нар нарийн ширийн зүйлсийг төсөөлж бодон их цаг зарцуулах хэрэггүй.

666-ийн утга нь бас нууцлаг юм. 2006 оны 6-р сарын 6-ны өдөртэй (06/06/06) тодорхой холбоос бий гэж зарим хүн тооцож байв. Гэвч Илчлэл 13-р бүлэгт 666 тоог огноо биш хүн гэж тодорхойлдог. Илчлэл 13:18 ийн өгүүлж байна: "Энд мэргэн ухаан буй. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь нэгэн хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм." Ямар ч байсан 666 тоо нь Антихристийг тодорхойлох болно. Олон зууны турш Библийн тайлагчид 666 тоог тухайн үеийнх нь ямар нэг хувь хүн болохыг тодорхойлох гэж оролдсоор ирсэн. Аль нь ч баттай байгаагүй. Тийм ч учраас Илчлэл 13:18-д тоо нь мэргэн ухаан шаардагддаг гэсэн биз. Антихрист илчлэгдэх үед (2Тесалоник 2:3-4) энэ нь хэн болох, яагаад 666 нь түүнийг таниулж байгаа нь тодорхой болно.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Араатны тэмдэг (666) гэж юу байх вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries