Христитгэлийн түүх бий юу?


Асуулт: Христитгэлийн түүх бий юу?

Хариулт:
Христитгэлийн түүх бол үнэндээ Барууны иргэншлийн түүх юм. Христитгэл нь нийгмийн бүхий л талбарт бүгдэд нь өргөн хүрээтэй нөлөө үзүүлсэн. Үүнд урлаг, хэл, улс төр, хууль, гэр бүлийн амьдрал, календарийн өдрүүд, хөгжим зэргээс гадна бидний бодох арга зам хүртэл Христитгэлийн нөлөөгөөр будагдаж бараг хоёр мянган өнгөрчээ. Тийм болохоор чуулганы түүхийг мэдэх нь их чухал.

Чуулганы Эхлэл
Чуулган Есүс амилснаас хойш 50 өдрийн дараа эхэлсэн (МЭ 30 он орчим). Есүс Пентекостын өдөр Ариун Сүнсний ирэлтийн хамтаар (Үйлс 2:1-4) Өөрийн чуулганаа байгуулах болно гэж амласан (Матай 16:18) бөгөөд экклэшиа("дуудагдсан хүмүүс") гэх чуулган нь албан ёсоор эхэлсэн. Тэр өдөр Петрийн номлолд гурван мянган хүн хариу өгсөн бөгөөд Христийг дагахаар шийдвэр гаргасан.

Христийн анх итгэгчид нь Еврейчүүд эсвэл Иудейзмийг дагалдагсад байсан бөгөөд чуулган Иерусалимд төвлөрч байв. Үүнээс болоод Христитгэл анхандаа яг Фарисай, Садукай, эсвэл Эссэнчүүдтэй адил Еврейн шашны нэг бүлэглэл гэж үзэгдэж байв. Гэвч элч нарын тунхаглаж байсан зүйлс нь Еврейн бүлэглэлүүдийн зааж байсан зүйлсээс эрс ялгаатай байсан. Есүс нь Хуулийг биелүүлэхээр ирсэн (Матай 5:17) Еврейн Мессиа (тослогдсон Хаан) бөгөөд Түүний үхлээр шинэ гэрээ байгуулагдсан (Марк 14:24). Энэхүү мэдээ мөн тэд өөрсдийн Мессиаг хороосон гэх ял тулгалт нь Еврейн олон эрх баригчдыг хилэгнэхэд хүргэсэн бөгөөд Тарсын Саул гэх мэт зарим хүмүүс мөнөөх Замд хамаарах хүмүүсийг цэвэрлэн устгах гэв (Үйлс 9:1-2).

Христитгэл эх үндсээ Иудейзмээс авсан гэж хэлэх нь нэлээд зөв дүгнэлт болно. Хуучин Гэрээ нь Шинэ Гэрээний суурийг тавьсан бөгөөд Хуучин Гэрээний тодорхой мэдлэггүйгээр Христитгэлийг бүрэн ойлгох боломжгүй (Матай болон Еврей номыг үз). Хуучин Гэрээ нь Мессиа шаардлагатай гэдгийг тайлбарлаж, Мессиагийн хүмүүсийн түүхийг өгүүлэн, Мессиа ирнэ гэж таамагладаг. Харин Шинэ Гэрээ нь Мессиагийн ирэлт болон гэм нүглээс биднийг аврах Түүний ажлын тухай бүхнийг өгүүлдэг. Есүс Өөрийн амьдралдаа 300 гаруй маш тодорхой эш үзүүллэгүүдийг биелүүлж, Өөрийгөө Хуучин Гэрээний хүлээж байсан Нэгэн мөн гэдгийг баталсан.

Анхны Чуулганы Өсөлт
Пентекостын дараа тун удахгүйгээр Еврей бус хүмүүст чуулганы үүд хаалга нээгдсэн. Сайнмэдээ тунхаглагч Филип Самари хүмүүст тунхагласан (Үйлс 8:5) бөгөөд олон хүмүүс Христэд итгэсэн. Элч Петр Корнелын харь гаралтай гэр бүлд тунхагласан (Үйлс 10) бөгөөд тэд ч бас Ариун Сүнсийг хүлээж авсан. Элч Паул (хуучин чуулганыг хавчин гадуурхагч байв) сайнмэдээг Грек-Ромын ертөнц даяар түгээж, холын Ромд хүрснээс (Үйлс 28:16) гадна бүр Испани хүртэл явсан байх магадлал бий.

Иерусалим устгагдсан жил болох МЭ 70 он гэхэд Шинэ Гэрээний ихэнх ном бичигдэж, чуулгануудын дунд уншигдаж байжээ. Дараагийн 240 жилийн турш Христитгэгчид зарим тохиолдолд санамсаргүйгээр, зарим үед засаглалын тушаалын дор Ромын хавчлагыг амсаж байсан.

2 болон 3-р зууны үед итгэгчдийн тоо ихсэх тусам чуулганы удирдлага улам л төвөгтэй, шат дараатай болж байв. Энэ үед хэд хэдэн тэрс үзэл илэрч, дарагдан, Шинэ Гэрээний канон хүлээн зөвшөөрөгдсөн. Хавчлага улам л ширүүсэж байв.

Ромын Чуулганы Сэргэн мандал
МЭ 312 онд Ромын эзэн хаан Константин Христэд итгэх онцгой зүйл тохиолдсон гэж бичигдсэн байдаг. 70 орчим жилийн дараа Теодосын хаанчлалын үед Христитгэл Ромын эзэнт гүрний албан ёсны шашин болсон. Бишопууд засгийн газарт хүндэтгэл хүлээсэн байр сууринд очих болж, МЭ 400 он гэхэд "Ромын" болон "Христийн" гэдэг үгс бараг л адил утгатай, сольж хэрэглэгддэг болжээ.

Константины дараагаас Христитгэгчид дахин хавчигдахгүй болсон. Одоо эргээд харь хүмүүс Христитгэлд "ороогүй" бол хавчлага амсах болов. Энэхүү хүчээр итгүүлэх явдал нь олон хүмүүс ямар ч зүрх сэтгэлийн үнэн өөрчлөлт байхгүйгээр чуулганд хамрагдахад хүргэсэн. Харь хүмүүс өөрсдийн дассан шүтээн болон зан үйлээ авчирч, үүний үр дүнд чуулган өөрчлөгдөн янз бүрийн зураг, нарийн түвэгтэй архитектур, эргэл мөргөлийн газрууд, гэгээнтнүүдийн бишрэл зэрэг нь анхны чуулганы энгийн мөргөлд нэмэгдэн орсон байна. Үүний хажуугаар зарим Христитгэгчид Ромын арга барилаас татгалзаж, хийд байгуулж тусгаар амьдрахыг сонгож, мөн оригинал гэмийг угаах зорилгоор нялхсын баптисм бий болсон.

Дараагийн хэдэн зууны туршид чуулганы албан ёсны онол сургаалыг тодорхойлох, түшмэдийн завхралыг хянах, дайтаж буй бүлэглэлүүдийн хооронд энх тайвныг тогтоох зорилгоор чуулганы янз бүрийн зөвлөл хуралдсан. Ромын эзэнт гүрэн доройтох тусам чуулган илүү хүчирхэг болж, Баруун болон Зүүн хэсэгт байх чуулгануудын хооронд олон янзын зөрөлдөөн гарах болов. Ромд байрлах Барууны (Латин) чуулган нь бусад бүх чуулганыг захирах элч нарын эрх мэдэлтэй гэж зарлав. Ромын бишоп бүр өөрийгөө "Пап" (Эцэг) гэж дуудаж эхэлсэн. Энэ нь Константинополь хотод байрлах Зүүний (Грек) чуулганы хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл байв. Теологийн, улс төрийн, процедурын, хэлний гэх мэт асуудал бүгд л 1054 оны Агуу Хуваагдалд нөлөө үзүүлж, Ромын Католик ("Даяар") Чуулган болон Зүүний Ортодокс Чуулган бие биенээ нөхөрлөлөөсөө хөөж, бүх харилцаагаа тасалжээ.

Дундад Зуун
Европ тивд Дундад Зууны үед Ромын Католик Чуулган эрх мэдлийг үргэлжлүүлэн хадгалж, Папууд амьдралын бүхий л талбарыг захирах эрх мэдэлтэй байж, яг л хаад мэт амьдарч байв. Чуулганы удирдлагын түвшинд завхрал, шунал нь нийтлэг явдал байжээ. 1095 оноос 1204 оны хооронд Папууд Иерусалимыг чөлөөлж, Муслимчуудын түрэлтийг буцаах зорилгоор цуст, мөн асар их үнэтэй цуврал крусэйд явуулахыг зөвшөөрсөн.

Шинэчлэл
Олон жилийн туршид хэд хэдэн хүн Ромын Чуулганы доторх теологийн, улс төрийн, хүний эрхийн завхралын талаар нийтийн анхаарлыг татах гэсэн оролдлого гаргаж байв. Бүгдийг нь янз бүрийн аргаар чимээгүй болгожээ. Харин 1517 онд Мартин Лютер гэх Германы лам чуулганы эсрэг байр сууринд зогсож, бүх хүн сонсов. Лютертэй хамт Дундад зууныг төгсгөсөн Протестант Шинэчлэл гарч ирэв.

Лютер, Калвин болон Звингли гэх Шинэчлэгчид теологийн зарим талуудад янз бүрийн ялгаатай байсан боловч Библи нь чуулганы уламжлалаас илүү дээд эрх мэдэлтэй, гэмтнүүд сайн үйлсээр бус харин зөвхөн итгэлээр ирэх нигүүлслээр л аврагдана (Ефес 2:8-9) гэх зэрэг онцгой зүйлийг нэгдмэл байдалтайгаар баримталж байлаа.

Хэдийгээр Католик үзэл Европ тивд буцан ирсэн боловч Протестантууд болон Католикчуудын хооронд цуврал дайн үргэлжилж, Шинэчлэл нь Ромын Католик Чуулганы эрх мэдлийг бутарган, орчин үеийг хүлээж авах хаалгыг өргөн нээгдэхэд тусалсан.

Илгээлтийн Эрин
1790 оноос 1900 оны үед чуулган илгээлтийн ажилд ер бусын сонирхолтойгоор оролцсон. Колоничлол нь илгээлтийн хэрэгцээ байгааг хүмүүст мэдүүлэн, аж үйлдвэржилт нь илгээлтийн эздийг (миссионер) санхүүжүүлэх санхүүгийн боломжийг хүмүүст олгосон. Илгээлтийн эзэд дэлхий даяар явж сайнмэдээг тунхаглан, дэлхийн энд тэндгүй чуулганууд байгуулагдав.

Орчин үеийн Чуулган
Өнөөдөр Ромын Католик Чуулган болон Зүүний Ортодокс Чуулган өөрсдийн тасарсан харилцаагаа сэргээх алхмуудыг хийж байгаа бөгөөд Католикчууд, Лютерчүүд ч мөн адил зүтгэл гаргаж байна. Эвангелийн чуулган нь Шинэчлэлийн теологид гүн бат суурилсан бөгөөд биеэ даасан байдалтайгаар оршдог. Чуулгантай холбоотой Пентекост үзлийн сэргэн мандал, карисматик хөдөлгөөн, экүменикализм болон янз бүрийн гаж урсгалын сэргэлтийг харж байна.

Бид энэ түүхээсээ юу сурах вэ?
Бид чуулганы түүхээс юу ч сурахгүй байсан ч гэсэн дор хаяж "Христийн үг та нарын (бидний) дотор бялхам орших болтугай" (Колоссай 3:16) гэх үгийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидний хүн нэг бүр Бичвэр юу гэж хэлсэн, түүний дагуу хэрхэн амьдрах талаар суралцах хариуцлагатай. Чуулган Библи юу гэж заадгийг мартан, Есүсийн хэлснийг үл тоомсорловол эмх замбараагүй байдал л тогтоно.

Өнөөдөр маш олно чуулган байгаа боловч нэг л сайнмэдээ бий. Энэ бол "...ариун хүмүүст тушаагдсан итгэл..." (Иуда 3) мөн. Энэ итгэлийг тээж, ямар ч засваргүйгээр дамжуулахдаа бид анхааралтай байвал Эзэн Өөрийн чуулганаа байгуулах амлалтаа биелүүлсээр л байх болно.

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Христитгэлийн түүх бий юу?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав