settings icon
share icon
Асуулт

Эх Бурхан гэж байдаг уу?

Хариулт


Эх Бурхан гэж байдаг талаар Библи огтхон ч заадаггүй. Бурханыг “Тэнгэрлэг Эцэг” (Лук 11:2), чуулганыг Христээр хайрлагдсан сүйт бүсгүй хэмээн Библи заадаг (Ефес 5:25-33).

Ан Сан Хун хэмээх хүний 1964 онд Солонгос улсад үүсгэсэн гаж урсгал болох “Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэг” (цаашид Бурханы Сүм гэх) -ийн заадаг онол сургаал, үзэл баримтлал нь Христийн “жинхэнэ” сүйт бүсгүй гэгдэх “Эх Бурхан”-ы тухай юм. Бурханы Сүм нь Ан Сан Хуныг хоёр дахиа ирсэн Христ хэмээн үздэг. Ан Сан Хуныг 1985 онд нас барахад, түүний “сүнслэг эхнэр” гэгдэх Жан Гил Жа нь Илчлэл 21:9-10, 22:17, Галат 4:26 зэрэг эшлэлүүдэд үндэслэн, өөрийгөө “Эх Бурхан” хэмээн тодорхойлж, түүнийг залгамжилсан байна.

Илчлэл 21:2-т Шинэ Иерусалимыг үзэсгэлэнт сүйт бүсгүйгээр дүрсэлсэн. “Хурганы эхнэр” болон “Шинэ Иерусалим” нь нэг ижил утгыг агуулсан болохыг 9-10-р эшлэлд тайлбарласан. Шинэ Иерусалим гэдэг нь хүн биш, харин хот гэдэг нь ойлгомжтой. Хот бол хувь хүн биш, хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн газар юм. Энэ тохиолдолд, энэ хот бол Бурханы тэнгэрлэг хотод амьдарч байгаа Эзэнээр аврагдсан хүмүүс болох чуулган юм. Тэгэхээр Хурганы “эхнэр” гэдэг нь шууд утгаараа бус, харин зүйрлэмж дүрслэл аж.

Галат 4:26-д “Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм” хэмээсэн. Энэ эшлэлийг дангаар нь сугалж авч үзвэл үнэндээ толгой эргүүлнэ. Харин хам сэдвээр нь харвал утга санаа нь тодорхой харагдана. Паул Хуучин ба Шинэ гэрээг эсрэгцүүлэн тайлбарлахдаа Хагар (Абрахамын боол), Сара (Абрахамын эхнэр) хоёроор төлөөлүүлсэн. Хагар хуулийн боолчлолыг, харин түүний хүү Ишмаел нь хуулийн хүү ба боолчлолд төрөгсдийг төлөөлдөг. Харин Сара эрх чөлөөг, түүний хүү Исаак нь амлалтын хүү ба эрх чөлөөнд төрөгсдийг төлөөлдөг. Синаид “төрөгсөд” (Хуучин Гэрээний хуулин дор) боолчлолд байдаг бөгөөд, тэнгэрлэг Иерусалимд (Нигүүлслийн Шинэ Гэрээн дор) “төрөгсөд” эрх чөлөөтэй гэсэн санааг Паул үүгээр илэрхийлэх зорилготой. 26-р эшлэлийг “Бид хуулийн дор байдаг бус, харин Исаактай адил амлалтын хүүхдүүд бөгөөд бид Христийн тэнгэрлэг хотын иргэд болж эрх чөлөөтэйгөөр төрсөн хүмүүс юм” гэж илүү тодорхойгоор хэлж болох юм.

Тэгэхээр, Галат 4:26-д гарч буй “эх” бол шууд утгаараа эмэгтэй хүн биш. Харин Христийн хаанчлалыг төлөөлсөн бэлэгдлийн чанартай дүрслэл юм. Бурханы хотыг “эх”, түүний оршин суугчдыг нь “хүүхдүүд” хэмээн дүрсэлсэн бас нэг багц эшлэл Исаиа 49:17-21-д бий.

Тиймээс, өөрийгөө “Эх Бурхан”, эсвэл шууд утгаар нь “Христийн сүйт бүсгүй” хэмээн тунхаглаж байгаа хэн ч байсан, тэр хууран мэхэлж байгаа хэрэг юм.

Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэг бол яах аргагүй тэрс үзэл мөн. Бодит хүнийг “Эх Бурхан” хэмээн гажуудуулж заах нь тэдний заадаг олон хуурамч сургаалын нэг нь мөнөөс мөн билээ.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Эх Бурхан гэж байдаг уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries