Бурхан бидэнд яагаад дөрвөн Сайнмэдээний ном өгсөн бэ?


Асуулт: Бурхан бидэнд яагаад дөрвөн Сайнмэдээний ном өгсөн бэ?

Хариулт:
Бурхан яагаад бидэнд нэгийн оронд дөрвөн Сайнмэдээний ном өгсөн болох талаар зарим нэг шалтгааныг энд дурдая:

1) Христийн талаар илүү бүрэн зураглал өгөхийн тулд. Хэдий Библи бүхэлдээ Бурханаар онгод оруулагдсан (2 Тимот 3:16) боловч тэрээр янз бүрийн амьдралын туршлагатай, өөр өөр зан чанартай хүмүүн зохиогчдыг ашиглаж, тэдний бичлэгээр Өөрийн зорилгыг биелүүлсэн. Сайнмэдээний ном болгоны зохиогч өөрийн гэсэн онцгой зорилготой байсан бөгөөд тухайн зорилгоо биелүүлж байх үедээ Есүс Христийн мөн чанар болон үйлчлэлийн талаар онцлог ялгаатай өнцгийг гарган бичсэн байдаг.

Матай Еврей хүмүүст зориулан бичсэн бөгөөд түүний зорилгын нэг нь Есүсийн ургийн бичгийг харуулснаар Хуучин гэрээний эш үзүүлэгийн биелэл болж удаан хүлээлгэсэн Мессиа нь Есүс байсан гэдгийг нотолж, үүнд нь хүмүүс итгэх хэрэгтэйг тодотгосон. Матайн онцлогын дагуу Есүс нь амлагдсан "Давидын Хүү" Хаан бөгөөд Израилийн сэнтийд үүрд мөнхөд суух юм (Maтай 9:27; 21:9).

Барнабын үеэл Марк (Колоссай 4:10) нь Христийн амьдралын янз бүрийн үйл явдлыг нүдээр харсан гэрч байсан төдийгүй элч Петрийн найз байв. Матай харь үндэстэн хүмүүст бичсэн бөгөөд энэ баримт нь түүний Еврей уншигчдад чухал байсан зүйлсийг оруулаагүйгээс нь харж болно (угийн бичгүүд, Христ Өөрийн үеийн еврей удирдагчидтай зөрчилдсөн байдал, Хуучин гэрээнээс байнга иш таталт зэрэг байхгүй). Марк Христийн зовлон эдэлж буй зарц дүрийг тодотгодог бөгөөд Түүнийг үйлчлүүлэхээр бус, үйлчлэхээр ирсэн бөгөөд Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн гэв (Марк 10:45).

"Хайрт эмч" (Колоссай 4:14), сайнмэдээч, элч Паулын хамтран зүтгэгч болох Лук нь Лукийн сайнмэдээ болон Үйлс номыг хоёуланг нь бичсэн. Лук бол Шинэ гэрээний цорын ганц харь үндэстнээс гаралтай зохиогч. Түүний бичвэрүүдийг ургийн бичиг судлал болон түүхэн судалгаандаа ашигладаг байсан олон хүмүүс Лукийг чамбай сайн түүхч гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүхчийн хувьд тэрээр олон нүдэн гэрч нарын бичсэн дээр үндэслэн Христийн амьдралын түүхийг цэгцтэй бичихээр зорьсноо дурдсан байдаг (Лук 1:1-4). Тэрээр харь үндэстэн байх магадлалтай Теофилд тус болохоор бичсэн учир түүний сайнмэдээ нь харь хүмүүсийг бодож зохиогдсон бөгөөд Христийн итгэл нь түүхийн хувьд найдвартай, батлагдахуйц үйл явдлууд дээр үндэслэгдсэн гэдгийг харуулах санаатай байв. Лук Христийг "Хүний Хүү" гэж байнга дурдсанаар Түүний хүмүүн чанарыг тодотгосон бөгөөд бусад сайнмэдээний бичлэгүүд дээрээс олдохгүй олон нарийн зүйлсийг хуваалцсан.

Иоханы сайнмэдээг элч Иохан бичсэн бөгөөд бусад гурван сайнмэдээнээс өөр онцлогтой нь Христийн мөн чанар болоод итгэлийн утга учрын талаар илүү их теологийн агуулга тээсэн байдаг. Матай, Марк болон Лук номууд "Синоптик сайнмэдээнүүд" гэж нэрлэгддэг шалтгаан нь тэд хэв маяг болон агуулгын хувьд ижил төдийгүй Христийн амьдралыг нийтлэг байдлаар хураангуйлсан байдаг. Иоханы сайнмэдээ нь Есүсийн төрөлт эсвэл энэ дэлхий дээрх үйлчлэлээр эхлэх бус Тэрээр хүн болохоос өмнөх Бурханы Хүүгийн шинж чанар, үйл ажиллагаанаас нь эхлүүлдэг (Иохан 1:14). Иоханы сайнмэдээ нь Христийн бурхан мөн чанарыг тодотгосон бөгөөд үүнийг "Үг нь Бурхан байв" (Иохан 1:1), "ертөнцийн Аврагч" (Иохан 4:42), "Бурханы Хүү" (байнга ашиглагдсан), "Эзэн минь, Бурхан минь" (Иохан 20:28) гэх мэт хэлцнүүдийг ашигласнаас нь харагддаг. Иоханы сайнмэдээнд Есүс мөн Өөрийн бурхан мөн чанарыг хэд хэдэн "Би байгаа" тунхагаар баталсан байдаг бөгөөд үүний дотроос хамгийн тэмдэглэхүйц нь Иохан 8:58. Үүнд "...Абрахамаас өмнө ч Би байгаа" (Гэтлэл 3:13-14 багцлалтай харьцуул). Гэвч Иохан мөн Есүсийн хүмүүн мөн чанарыг тодотгосон нь түүний үед байсан Христийн хүмүүн мөн чанарт итгэдэггүй Гностикчууд гэх шашны бүлэглэлийн алдаатай байдлыг харуулахыг хүссэнтэй холбоотой. Иоханы сайнмэдээ нь түүний бичих болсон нийтлэг зорилгыг дараа байдлаар дурдсан: "Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс шавь нарынхаа өмнө үйлдсэн юм. Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд итгэснээрээ та нар Түүний нэрээр амьтай болох юм" (Иохан 20:30-31).

Иймэрхүү байдлаар Христийн талаарх зөв, адил дурдатгалуудийг агуулсан боловч энэ дөрөв нь өөрийн гэсэн онцлогтойгоор Түүний мөн чанар болоод үйлчлэлийн ялгаатай талуудыг илчлэн харуулсан байна. Дурдатгал нэг бүр нь яг л өөр өнгөтэй утас шиг сүлжин нэхсэнээр үгээр дүрслэхийн аргагүй Түүний бүрэн зургийг харуулж байгаа мэт байдаг. Хэдий бид Есүс Христийн тухай бүхнийг бүрэн ойлгож хэзээ ч чадахгүй (Иохан 20:30) боловч дөрвөн Сайнмэдээгээр дамжуулан Түүний хэн болох, бас юу хийснийг тодорхой хэмжээнд мэдэж чадах бөгөөд ингэснээр Түүнд итгэх итгэлээр амийг олж авахад хангалттай юм.

2) Тэдний дурдатгал нэг бүрийн үнэн эсэхийг илүү бодитойгоор шалгах боломжыг бидэнд олгохын тулд. Библид дээр үеэс нь эхлэн хэн нэгэн хүний эсрэг шүүхэд мэдүүлэг өгөхдөө нэг нүдэн гэрчийн мэдүүлэгт үндэслэж болохгүй, харин дор хаяж хоёр эсвэл гурван хүний гэрчлэл шаардлагатай гэж үздэг байв (Дэд хууль 19:15). Тийм ч учраас Есүс Христийн мөн чанар болон дэлхий дээр хийсэн үйлчлэлийнх нь талаар янз бүрийн дурдатгалуудтай байх нь Түүний талаарх бидэнд өгөгдсөн мэдээллийн бодит байдлыг үнэлэх боломжыг өгч байдаг.

Шүүхийн өмнө ямар нотолгоо нь илүү итгэхүйц болох талаар мэргэшсэн, олонд алдартай нэгэн болох Саймон Гринлиф (Simon Greenleaf) гэгч дөрвөн Сайнмэдээний номыг хуулийн талаас нь судалж үзжээ. Тэрээр дөрвөн Сайнмэдээний номд өгөгдсөн гэрчүүдийн дурдатгалын адил талыг нь тэмдэглэн үзсэн төдийгүй тухайн бичигч бүр бусдаас ялгаатай мэдээллийг нэмсэн эсвэл хассан байдал нь шүүхийн өмнө хүчтэй нотолгоо болж чадахуйц байдлаар итгэлтэй, мөн бие даасан эх сурвалж болж чадна гэж үзсэн. Хэрэв Сайнмэдээнүүд яг л адилхан мэдээллийг, яг л адилхан өнцгөөс яг адил нарийвчлалтайгаар бичсэн бол энэ нь хуйвалдааныг харуулна гэв. Өөрөөр хэлбэл тэд бичвэрээ баталгаатай гэж харуулахын тулд урьд нь уулзаж, бичих түүхээ тодорхой нийлэмжтэй болгосон гэсэн утгатай. Сайнмэдээнүүдийн хоорондох ялгаатай байдал, ялангуяа эхний шинжилгээний дүнд гарсан тодорхой зөрчилтэй мэт харагдахуйц байдал нь тухайн бичвэр бүрийн бие даасан шинж чанарыг харуулж байна. Тийм болохоор энэхүү мэдээллийнхээ хувьд тодорхой нийцтэй байдал болон харж буй өнцөг, нарийвчлалын хэмжээ, түүхэн үйл явдлыг бичих сонголт зэргээрээ ялгаатай байдал нь дөрвөн Сайнмэдээний дурдатгалын бие даасан байдлыг харуулж байна. Энэ бие даасан байдал нь бидэнд буй Христийн амьдрал, үйлчлэлийн талаарх мэдээлэл нь илүү баттай, бодитой гэдгийг мөн харуулдаг.

3) Илүү няхуур уншдаг хүмүүсийг шагнахын тулд. Сайнмэдээний ном нэг бүрийг хувьчлан судлахад ихийг олж авах боломжтой. Гэхдээ Есүсийн үйлчлэлийн тодорхой үйл явдлуудын талаарх ялгаатай дурдатгалуудыг харьцуулж, эсрэгцүүлэн судласнаар бүр илүү ихийг олж авч чадна. Жишээлбэл, Матай 14 бүлэгт 5000 хүнийг хооллосон болоод Есүс усан дээр алхсан үйл явдлыг дурдсан. Матай 14:22 ишлэлд "Тэр даруй Есүс хурсан олныг тараан явуулах зуур шавь нараа завинд суулгаж, нөгөө эрэг уруу түрүүлэн явуулав" гэсэн байдаг. Яагаад Тэр ингэх болов? гэж асууж болох юм. Матайн дурдатгал дээр ямар нэг тодорхой шалтгаан бичсэнгүй. Гэхдээ бид үүнийг Марк 6 бүлгийн бичсэнтэй нэгтгэж үзэх юм бол энэ үе нь Есүс тэдэнд Өөрийн эрх мэдлийг өгч, хоёр хоёроор нь илгээн хүмүүсийг эдгээж, чөтгөрүүдийг хөөх үйлчлэлээс дагалдагчид буцан ирсэн үе байсныг мэдэж болно. Тэд "том толгойлон" буцаж ирсэн бөгөөд одоо өөрсдийн байр сууриа мартаад Түүнийг зааварчлахад бэлэн болжээ (Maтай 14:15). Тиймээс Галил тэнгисийн өөр тал руу тэднийг энэ орой илгээснээр Есүс тэдэнд хоёр зүйлсийг илчилсэн. Тэд өөрсдийн хүч чадлаараа салхи болон давалгааны эсрэг үүр цайтал тэмцсэнээр (Mарк 6:48-50) тэд дараах хоёр зүйлийг харж эхэлсэн. 1) Тэд өөрсдийн ур чадвараар Бурханы төлөө юунд ч хүрч чадахгүй. 2) Хэрэв тэд Түүнийг дуудаж, Түүний хүч чадалд найдаж амьдрах юм бол юу ч боломжгүй биш. Бичвэрийг Бичвэртэй харьцуулан, цаг гарган Бурханы үгийг судлах, хичээнгүй оюутан байснаар иймэрхүү "эрдэнэсийг" олж авах олон багц хэсгүүд тэнд байгаа юм.

English
Монгол хэл дээрх сайт руу буцах
Бурхан бидэнд яагаад дөрвөн Сайнмэдээний ном өгсөн бэ?