Өргөгдөлт ба Дахин ирэлт хоёр ямар ялгаатай вэ?


Асуулт: Өргөгдөлт ба Дахин ирэлт хоёр ямар ялгаатай вэ?

Хариулт:
Өргөгдөлт ба Христийн дахин ирэлт хоёрыг хооронд нь хольж төөрөлддөг. Заримдаа Бичвэрийн нэг ишлэл нь өргөгдөлтийн тухай юу эсвэл дахин ирэлтийн талаар уу гэдгийг тодорхойлох маш хэцүү байдаг. Гэвч эцсийн үеийн Библийн эш үзүүлэгийг судлахад энэ хоёрыг ялгах нь маш чухал.

Өргөгдөлт гэдэг нь Есүс Христ чуулганыг (Христэд итгэгчид бүхнийг) дэлхийгээс авахаар эргэн ирэх үед тохиолдоно. Өргөгдөлтийг 1Тесалоник 4:13-18 ба 1Коринт 15:50-54 хэсэгт дүрсэлсэн. Нас барсан итгэгчдийн бие махбод нь амилуулагдах бөгөөд амьд байгаа итгэгчдийн хамт Эзэнтэй агаар мандалд уулзах болно. Энэ бүхэн нь нүд анивчихын завсар буюу хормын дотор тохиолдоно. Дахин ирэлт бол Есүс Антихристийг ялан, ёрын мууг устгаж, Өөрийн мянган жилийн хаанчлалыг байгуулахаар эргэн ирэх үеийг хэлнэ. Дахин ирэлт нь Илчлэл 19: 11-16 дээр дүрслэгддэг.

Өргөгдөлт ба дахин ирэлтийн хоорондох чухал ялгаанууд нь дараах байдалтай:

1) Өргөгдөлтийн үеэр итгэгчид Эзэнтэй агаарт уулзана (1Тесалоник 4:17). Дахин ирэлтийн үед итгэгчид Эзэнтэй хамт дэлхийд эргэн ирнэ (Илчлэл 19:14).

2) Агуу, аймшигт зовлонгийн дараа дахин ирэлт нь тохиолдоно (Илчлэл 6–19 бүлгүүд). Өргөгдөлт нь зовлонгийн үеийн өмнө тохиолддог (1Тесалоник 5:9; Илчлэл 3:10).

3) Өргөгдөлт бол чөлөөлөлтийн үйлдэл болж итгэгчдийг дэлхийгээс зайлуулж буй явдал юм (1Тесалоник 4:13–17, 5:9). Дахин ирэлт нь үл итгэгчдийг шүүх үйлдэл болж, тэднийг зайлуулах явдал юм (Матай 24:40-41).

4) Өргөгдөлт нь нууц бөгөөд хоромхон зуур болно (1Коринт 15:50-54). Дахин ирэлт нь бүгдэд харагдах болно (Илчлэл 1:7; Матай 24:29-30).

5) Зарим өөр эцсийн үеийн үйл явдлууд явагдсаны дараа Христийн дахин ирэлт нь бий болно (2Тесалоник 2: 4; Матай 24:15-30; Илчлэл 6–18 бүлэг). Өргөгдөлт нь нэн даруй, ямар ч үед тохиолдож болох юм (Тит 2:13; 1Тесалоник 4:13-18; 1Коринт 15:50–54).

Өргөгдөлт, дахин ирэлт хоёрыг ялгаатай байлгах нь яагаад чухал вэ?

1) Хэрэв өргөгдөлт, дахин ирэлт хоёр нь ижил үйл явдал бол итгэгчид зовлонгийн үеийг туулан гарах ёстой болно (1Тесалоник 5:9; Илчлэл 3:10).

2) Хэрэв өргөгдөлт, дахин ирэлт хоёр нь адил үйл явдал бол Христ эргэн ирэлт нь тийм ч нэн даруй тохиолдох үйл явдал биш бөгөөд Түүнийг эргэж ирэхээс өмнө олон зүйлс тохиолдох ёстой болно (Матай 24:4-30).

3) Зовлонгийн үеийг тайлбарлахдаа Илчлэл 6–19 бүлэгт чуулганы талаар ер дурдаагүй. "Иаковын зовлон шаналангийн үе" гэж бас дуудагддаг (Иеремиа 30:7) энэхүү зовлонгийн үеэр Бурхан Өөрийн гол анхаарлаа Израиль руу дахин хандуулах болно (Ром 11:17-31).

Өргөгдөлт ба дахин ирэлт хоёр нь ижил төстэй боловч тусдаа үйл явдал юм. Хоёулаа Есүсийн эргэж ирэлттэй холбоотой. Хоёулаа төгсгөл үеийн үйл явдал юм. Гэсэн хэдий ч ялгааг хүлээн зөвшөөрөх нь нэн чухал. Дүгнэж хэлэхэд, өргөгдөлт гэж Бурханы уур хилэнгийн үеэс өмнө дэлхий дээрх итгэгчдийг авахаар Христийн үүлэн дунд буцан ирэлтийг хэлнэ. Дахин ирэлт гэж бүхнийг дуусгахаар зовлонгийн үеийг авчрах, Антихрист болон түүний дэлхий дээрх ёрын эзэнт гүрнийг устгах зорилгоор Христийн дэлхий дээрх буцан ирэлтийг хэлнэ.

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Өргөгдөлт ба Дахин ирэлт хоёр ямар ялгаатай вэ?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав