Хуучин гэрээ ба Шинэ гэрээ нь ямар ялгаатай вэ?


Асуулт: Хуучин гэрээ ба Шинэ гэрээ нь ямар ялгаатай вэ?

Хариулт:
Хэдий Библи нь өөрөө нэгдмэл нэг ном боловч Хуучин гэрээ болон Шинэ гэрээний хооронд ялгаатай байдал бий. Олон арга замаар тэд нэг нэгнээ нөхдөг. Хуучин гэрээ нь суурь болдог бөгөөд Шинэ гэрээ нь энэхүү суурин дээр Бурханаас ирсэн цаашдын илчлэлтийг барьж байгуулдаг. Хуучин гэрээнд бий болсон зарчим (дүрмүүд) нь Шинэ гэрээний чухал үнэнийг дүрсэлж байгаа мэт байдлаар харагддаг. Хуучин гэрээ нь мөн Шинэ гэрээнд биелэлээ олсон олон эш үзүүлэгүүдийг агуулдаг. Хуучин гэрээ нь хүмүүсийн түүхийг өгүүлдэг бол Шинэ гэрээ нь Хүн дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Хуучин гэрээ нь гэм нүглийн эсрэг гаргаж буй Бурханы уур хилэнг харуулдаг (Түүний нигүүлслийг зэрвэс төдий) бол Шинэ гэрээ нь гэмтэнд хандсан Бурханы нигүүлслийг харуулдаг (Түүний уур хилэнг бас зэрвэс).

Хуучин гэрээ Мессиаг зөгнөдөг (Исаиа 53 үз) бол Шинэ гэрээ Мессиа хэн болохыг илчилдэг (Иохан 4:25; 26). Хуучин гэрээ Бурханы Хууль өгөгдөж буйг бичсэн бол Шинэ гэрээ нь Мессиа Есүс Хуулийг хэрхэн биелүүлсэн болохыг харуулдаг (Maтай 5:17; Еврей 10:9). Хуучин гэрээнд Бурхан Өөрийн сонгосон хүмүүс болох Еврейчүүдтэй голдуу харилцдаг бол Шинэ гэрээнд Бурхан Өөрийн чуулгантай голдуу харилцдаг (Maтай 16:18). Бодит ерөөлүүдийг Хуучин гэрээгээр амласан (Дэд хууль 29:9) байдал нь Шинэ гэрээнд сүнслэг ерөөлд зам тавьж өгсөн (Eфес 1:3).

Христийн ирэлтийн талаарх Хуучин гэрээний эш үзүүлэгүүд нь хэдий гайхалтай нарийвчлалтай боловч зарим нэг тодорхойгүй байдал нь Шинэ гэрээнд тодорхой болдог. Жишээлбэл Исаиа эш үзүүлэгч Мессиагийн үхлийн талаар (Исаиа 53) болон Мессиагийн хаанчлал байгуулагдаж буй талаар (Исаиа 26) өгүүлсэн бөгөөд энэ хоёр үйл явдлын цаг хугацааны дарааллын талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Зовлон болоод хаанчлалаа байгуулалт хоёр нь мянган жилээр тусгаарлагдах тухай ямар ч тэмдэглэгээ байхгүй. Шинэ гэрээнд Мессиа нь хоёр ирэлттэй тухай тодорхой болдог. Үүнд: нэгдүгээрт Тэр зовлон эдэлж, үхсэн (бас дахин амилсан) ба хоёрдугаарт Тэр Өөрийн хаанчлалаа байгуулах болно.

Бичвэр дэх Бурханы илчлэлт нь дэвшилтэт (прогрессив) байдалтай учир Хуучин гэрээнд танилцуулагдсан зарчмуудыг Шинэ гэрээ илүү тод фокустай болгож өгдөг. Еврей ном нь Есүс хэрхэн жинхэнэ Тэргүүн Тахилч болж байгааг болон Түүний нэг тахил нь өмнө байсан бүх тахилыг зүгээр л урьдчилсан шинж тэмдэг байсан мэт болгон сольж байгааг дүрсэлдэг. Хуучин гэрээний Алгасалын хурга (Езра 6:20) нь Шинэ гэрээний Бурханы Хурга болдог (Иохан 1:29). Хуучин гэрээ нь Хууль өгдөг. Шинэ гэрээ нь уг хуулийг хүмүүст аврал хэрэгтэй гэдгийг ойлгуулах гэж өгөгдсөн болохоос өөрөө хэзээ ч авралын арга зам болохоор өгөгдөөгүйг тодорхой батлан харуулдаг (Ром 3:19).

Хуучин гэрээ нь Адамын диваажинг алдсаныг дүрсэлдэг бол Шинэ гэрээ нь хоёр дахь Адамаар (Христээр) диваажин хэрхэн дахин олдож буйг харуулдаг. Хуучин гэрээ нь хүн Бурханаас гэм нүглээр салгагдсан болохыг заадаг (Эхлэл 3) бол Шинэ гэрээ нь хүн Бурхантай харилцах харилцаагаа дахин сэргээж чадсан болохыг тунхагладаг (Ром 3;6). Хуучин гэрээ нь Мессиагийн амьдралыг зөгнөдөг. Сайнмэдээний номууд Есүсийн амьдралыг бичиглэж, Захидлууд Түүний амьдралыг тайлбарлан, бид Түүний хийсэн зүйлсэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх ёстойг харуулдаг.

Дүгнэн хэлэхэд, Хуучин гэрээ нь Өөрийгөө дэлхийн гэм нүглийн төлөө тахил болгох Мессиагийн ирэлтийн суурийг засан тавьдаг (1 Иохан 2:2). Шинэ гэрээ нь Есүс Христийн үйлчлэлийг бичиглэж, цаашлаад Түүний юу хийсэн болон бид түүнд яаж хариу үйлдэл үзүүлэх ёстойг эргэн хардаг. Хоёр гэрээ нь хоёул нэг ижил ариун, энэрэнгүй, бас зөвт Бурхан гэм нүглийг буруутгах боловч гэмтнийг цагаатгалын тахилаар аврахыг хүсч байдаг гэдгийг илчлэн харуулдаг. Хоёр гэрээнд хоёуланд нь Бурхан Өөрийгөө бидэнд илчилж, бид Түүний өмнө итгэлээр хэрхэн очих ёстойг харуулдаг (Эхлэл 15:6; Ефес 2:8).

English
Монгол хэл дээрх сайт руу буцах
Хуучин гэрээ ба Шинэ гэрээ нь ямар ялгаатай вэ?