settings icon
share icon
Асуулт

Төгс Хүчит Бурханы Чуулган / “Зүүний Аянга” гэж юу вэ?

Хариулт


Төгс Хүчит Бурханы Чуулган (хятадаар 全能神教会) нь 1991 онд Хятадад үүссэн нууцлагдмал, сургаалын хувьд христитгэлийн тулгуур онол сургаалаас илт гажуудсан шашны хөдөлгөөн юм. Хэдийгээр Хятадын засгийн газрын эсрэг үзэл санааг сурталчилсан хэмээн тус улсын Коммунист Нам энэ хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргасан ч, хөдөлгөөн өргөжин тэлсээр, нөлөө бүхий ертөнцийн сүйрлийн шинжтэй гаж урсгал болсон байна.

Төгс Хүчит Бурханы Чуулганы өөр нэг нэр нь “Зүүний Аянга” бөгөөд энэ нэрээ “Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно” хэмээх Матай 24:27-д үндэслэн өгчээ. Бурхан энэ дэлхийд махбодоор илэрсэн бөгөөд тэр нь Янг Шианбин гэгч хятад эмэгтэй юм гэж энэ бүлэглэлийнхэн итгэдэг. Уг эмэгтэй мөн өөрийгөө “Аянга Дэнг” дуудах болжээ. Зүүний Аянгын албан ёсны удирдагч нь Янг Шианбин боловч, үнэндээ Янг Шианбиныг дээд тэнгэрээс залран ирсэн хэмээн анх зарласан, тэр эмэгтэйн нууц амраг болоод “ахлах тахилч” Жао Вэйшан гэгч эрэгтэй жинхэнэ удирдлагыг атгадаг байж болох талтай.

Жао Вэйшан, Янг Шианбин нар 2000 онд Америкт нүүж очсон бөгөөд, тэд Төгс Хүчит Бурханы Чуулганыг одоогоор Нью-Йорк хотоос удирддаг. Тэд Янг Шианбиныг Бурханы дутуу хийгдсэн ажлыг гүйцээхээр дахин ирсэн Христ хэмээн итгэж, “эцсийн өдрүүдийн Христ”, “Төгс Хүчит Бурхан” хэмээн зарладаг. Эцсийн өдрүүдэд зориулан Бурханы бичигдсэн үгийг Янг зарлан өгүүлдэг. (Хэдийгээр Янгийг махбодоор илэрсэн Бурхан гэж үздэг ч, түүнийг Бурханы өөр нэгэн биелэл болох Есүс Христээс тусгаар гэж үзэцгээдэг) Библи бол өнгөрсөн хугацаанд хийгдсэн Бурханы ажлыг бичсэн, хоцрогдсон ном төдий гэж тэд заадаг. “Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс). Тиймээс, дутуу дулимаг Библийг “Төгс Хүчит Бурхан”, “эцсийн өдрүүдийн Христ” гүйцээх болно гэж тэд нар итгэдэг ажээ.

Бурхан Хуучин гэрээнд Ехова хэмээх нэрээр, Шинэ гэрээнд Есүс Христ гэдэг нэрээр Өөрийгөө таниулж байсан, харин одоо эцсийн өдрүүдэд “Төгс Хүчит Бурхан” гэж зөвөөр мэдэгдэж байна. Эмэгтэй Христээр дамжуулан хийх Бурханы ажил нь элч нарын хийсэн ажлаас чанарын хувьд илүү. Хэдийгээр Бурхан элч нарыг ажилдаа хэрэглэсэн ч, тэд Бурхан хүмүүсээр дамжуулан хийж чадах зүйлсийг л чадацгаасан. Төгс Хүчит Бурханы Чуулган бол Бурханы Өөрийнх нь ажил мөн. Тэдний албан ёсны вэб хаягт бичигдсэнээр энэ бүлэглэлийг “бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан, мөн биечлэн удирдаж, хариулдаг ба үүнийг яавч хэн нэгэн хүн байгуулаагүй” юм байна. Одоогоор, хаанчлалын эрин үед Бурхан Өөрийн Цагаан Сэнтийн Шүүлтээ явуулж байна. Бусад бүх христэч урсгал, бүлэглэлүүд Ариун Сүнсээ алдсан бөгөөд Бурханы хүч чадал зөвхөн Төгс Хүчит Бурханы Чуулган дээр төвлөрсөн гэж тэд үздэг.

Төгс Хүчит Бурханы Чуулган Гурвалыг үгүйсгэж, Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав бол нэг Бурханы гурван өөр дүр төрх бөгөөд энэ гурав нь тус тусдаа бие даасан, хувь шинжтэй оршигч нар биш гэсэн модалист сургаал заадаг. “Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай онол ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн том тэрс үзэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

Төгс Хүчит Бурханы Чуулганы сургаалаар бол, Есүс Нигүүлслийн эрин үед хүмүүсийн нүглийг уучилж байсан боловч, хүн төрөлхтөн нүгэлт мөн чанартай хэвээр байгаа тул, Есүсийн авралын ажил бүрэн гүйцэд болоогүй. Харин одоо Хаанчлалын эрин үэд эцсийн өдрүүдийн Христийн сургаалаар дамжуулан хүн төрөлхтөн гэм нүглээсээ бүрэн ангижирч, бүрэн цэвэр болгогдсон. Энэ нь эцсийн өдрүүдэд илчлэгдсэн Төгс Хүчит Бурханы сургаалыг дуулгавартай дагасан хүмүүст ирэх жинхэнэ аврал мөн. Тус чуулганы цахим хуудсыг харвал, энэхүү жинхэнэ авралын сүүлийн түвшинд хүрэхийн тулд яг юу хийх ёстой нь тодорхойгүй бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы сургаалд л итгэх явдал нь хамгийн чухал мэт харагдана.

Төгс Хүчит Бурханы Чуулган Хонг Конг, Нью-Йорк, Сан Франциско болон эх газрын Хятад зэрэг газруудад байрлажээ. Бусдыг бэлгийн харилцаагаар татах, хүн барьцаалах, авилга өгөх, тархи угаах, шинэ гишүүдийг чуулгандаа байлгах, татахын тулд айлган сүрдүүлэх зэргийг ашигладаг талаарх жигшүүртэй мэдээ баримт их байна. Тэд Хятадад ихэвчлэн гэрийн эзэгтэй нар, ядуус, гэр чуулгануудыг онилох бөгөөд, итгэгчдийг урхидахдаа эхлээд халуун дулаан анд найзын холбоо тогтоож, улмаар Янг Шианбин бол махбодоор илэрсэн Бурхан хэмээх ойлголтыг аажмаар өгч эхэлдэг байна. Зүүний Аянгын гишүүд 2002 онд Хятадын христитгэлт газар дорх Христэч Сайнмэдээний Нөхөрлөл гэр чуулганы 34 удирдагчдыг барьцаалж, хоёр сарын турш хорьсон байдаг. 2014 оны 8-р сард Төгс Хүчит Бурханы Чуулганы таван гишүүн Хятадын Шандон мужийн Яндон хотын нэгэн ресторанд 37 настай эмэгтэйг чуулгандаа элсэхээс татгалзсаных нь төлөө зодож хөнөөсний улмаас шүүгдэж байжээ. Тэдгээр таван гэмт хэрэгтний хоёр нь хийсэн хэргийнхээ төлөө 2015 оны 2 сард цаазын ял авсан байна.

Дүгнэн хэлэхэд, Төгс Хүчит Бурханы Чуулган бол маш аюултай бүлэглэл бөгөөд, Библийн төгс төгөлдөр байдлыг үгүйсгэж, дутуу дулимаг мэтээр хүмүүст ухуулан сэнхрүүлж, бүрэн бүтэн болгох нэрийдлээр өөрсдийн ашгийн төлөөх хуурамч, тэрс онол сургаалыг дагахыг шаарддаг. Махбодоор илэрсэн Бурхан гэгч, өөрийгөө Төгс Хүчит Бурхан хэмээн зарласан нэгэн эмэгтэйгээс энэхүү шинэ, гаж сургаал үүдэлтэй. Тэд Бурханы Гурвалыг үгүйсгээд зогсохгүй, Есүсийн золиослолыг гутаан доромжилж, загалмай дээрх Түүний үхэл хүч чадалгүй, хүнийг бүрэн гүйцэд аварч чадахгүй гэж үздэг. Хэдийгээр тэд нэрэн дээрээ Есүсийн золиослолыг хүлээн зөвшөөрдөг ч, нэдэр дээрээ тэд өөрсдийн нэмж зохиосон шинэ сургаалыг дуулгавартай дагахгүйгээр эцсийн авралыг хүн авч чадахгүй гэдэг. Төгс Хүчит Бурханы Чуулган нь нууцлаг, далд хэлбэрээр бүгэх маягаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд, бусдыг албадан ноёрхох арга тактиктай, чуулганыхаа нэрээр харгис догшин гэмт хэргүүдийг үйлдэж байсан. Тэрс үзэл, гаж урсгалын сонгодог жишээ болсон энэ мэт бүлэглэлийн талаар Библид “Учир нь шийтгэлд хэдийнэ заагдсан, сүсэг бишрэлгүй хэсэг хүн сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд Бурханы маань нигүүлслийг садарлал болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч бөгөөд Эзэн Есүс Христийг үгүйсгэж байна... Хагарал гаргадаг, төрөлхөөрөө байдаг тэдэнд Сүнс үгүй аж” (Иуда 4, 19) хэмээн онцгойлон анхааруулсныг итгэгчид санан, анхаарал сэрэмжтэй хандвал зохино.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Төгс Хүчит Бурханы Чуулган / “Зүүний Аянга” гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries