Христэд итгэгчид Мормоны Номыг юу гэж үзэх нь зохилтой вэ?


Асуулт: Христэд итгэгчид Мормоны Номыг юу гэж үзэх нь зохилтой вэ?

Хариулт:
Мормоны номлогчид (зөв нэр нь Хожмын Үеийн Гэгээнтнүүд, ХҮГ) гэрийн чинь хаалгыг тогшоод, Мормоны Номыг үнэгүй авахыг танд санал болгож, энэ номыг зохиогч Иосеф Смитийн тухай ярьдаг. Тэдний тайлбарлаж байгаагаар бол Смит 1800-аад оны эхээр Нью-Йоркын нэгэн уулнаас алтан ялтсуудыг ухаж олоод, дээр нь бичигдсэн зүйлсийг бурханлиг тусламжаар орчуулснаар Мормоны Ном үүссэн бөгөөд, эл үйл явдал нь түүнийг Бурханы дуудлагыг хүлээн авч өнөө үеийн буюу хожмын үеийн шинэ бошиглогчоор илгээгдсэн болохыг нь баталдаг ажээ. Үүнээс гадна, Ариун Сүнс хүмүүсийн дотор тааламжтай мэдрэмжийг төрүүлснээрээ Мормоны Ном үнэн болохыг баталдаг гэж тэд тайлбарлаад, “Мормоны Номыг уншиж, үүний агуулсан зарыг зүрх сэтгэлдээ тунгааж, мөн Бурханаас, Мөнхийн Эцэгээс, Есүс Христийн нэрээр энэ ном үнэн эсэхийг асуу” хэмээн хүмүүсийг уриалдаг аж. Мэдээж та энэ бүхнийг чин сэтгэлээсээ л хийхгүй бол юу ч болохгүй.

Хүмүүст ердөө ч хэлж ярьдаггүй зүйлс ХҮГ-дэд байдаг гэдгийг та энэ сүмийн гишүүн болох шийдвэр гаргахаасаа өмнө мэдэх хэрэгтэй. Эхний асуудал нь юу гэвээс, үнэн зөв, түүхэн Христитгэлээс эрс тэс ялгаатай олон сургаалууд Мормончуудад байдаг. Тэдгээрийг та Мормоны Номоос олж харахгүй. Үнэндээ, үнэн зөв Христитгэлт онол сургаалын хувьд эрс зөрчилдөх зүйлс Мормоны Номноос маш бага олдох бөгөөд тэдгээр голлох сургаалууд нь “Сургаал ба Гэрээ”, “Агуу Үнэт Сувд” гэх мэт бусад судруудад нь байдаг. Гэвч Мормончууд эдгээр номуудаа тантай анх уулзахдаа, эсвэл гэрийн чинь хаалган дээр анх зогсохдоо танд өгдөггүй нь тодорхой шалтгаантай. Учир нь, хэрэв хүмүүс анх уулзахдаа л тэдний ярьж буй будлиантай сургаалуудыг (Бурхан нэгэн цагт хүн байсан, Гурвалын үгүйсгэл, Сатан бол Есүсийн дүү, хүний сүнснүүд төрөхөөс өмнө нь оршин байсан... гэх мэт) уншиж, сонсвол тэднийг нэг л биш хэмээн сэжиглэх магадлал маш өндөр юм.

Хоёрдугаарт, Мормоны Номыг хүлээн зөвшөөрөх нь үнэндээ Иосеф Смитийг бошиглогч (эш үзүүлэгч) гэдгийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Иосеф Смит жинхэнэ бошиглогч мөн үү? Тэгвэл жинхэнэ бошиглогч мөн эсэхийг нь яаж шалгах вэ? “Энэ асуултыг Бурханаас асуух нь” зохистой биш үү? Үгүй ээ, тийм биш. Учир нь Бурхан бошиглогчийг (эш үзүүлэгчийг) хэрхэн шалгах аргыг аль хэдийн илчилсэн бөгөөд, энэ асуудал нь залбирал, эсвэл хүний мэдрэмжтэй огтхон ч холбоогүй юм. Тэгээд ч аль хэдийн хариултыг нь өгчихсөн асуултандаа хариулах үүрэг Бурханд байхгүй! Хүн банк дээрэмдэх, хүн алах эсэх талаар Бурханаас асуух огтхон ч шаардлагагүй. Иаков 1:5-д “та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал... Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” гэсэн байдаг. Мэргэн ухаан бол мэдлэгт суурилсан байдаг. Мэдлэгээс ангид мэргэн ухаан байхгүй.

Зөв зүйлийн талаар залбир гэж Бурхан бидэнд хэзээ ч хэлдэггүй. Байшингийнхаа ханыг хэр өндөр болохыг мэдэхийн тулд бид Бурханд хандан залбирдаггүй. Харин аль хэдийн зөв гэдэг нь батлагдсан “метр”-ийг ашиглаад мэдчихдэг. Бурханы Үг болох Библи бол зөв. Библи бол үнэнийг хэмжих хэмжүүр юм. Үйлс 17:11-д Паул Христитгэлийг тунхаглахад “тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа” гэжээ. Тэр хүмүүс үүгээрээ уужим сэтгэлтэй гэж дүрслэгджээ.

Хүний мэдрэмж бол найдах аргагүй, субъектив шинжтэй, бий болгоход амархан, факт буюу бодит баримтыг нээж илрүүлдэггүй, харин фактын талаар хүн ямар мэдрэмжтэй байгааг л илэрхийлдэг. Сэтгэл зүйн ятгах арга техникүүд, хүчтэй сэтгэгдэл төрүүлэх харц, нүдэн харилцаа, биеийн хэл зэрэг нь бодит мэдрэмжийг төрүүлж чадна. Учир тэдгээр нь бодит. Харин бодит мэдрэмжүүд нь биднийг ямар нэг зүйлд ямар хариу үйлдэл үзүүлж буйг илтгэх болохоос, тухайн зүйлийн үнэн байдлыг заадаггүй. Мормоны номлогчийн гарын авлагад эдгээр техникүүдийг нарийвчлан заах бөгөөд номлогчид нь гадагш гарахаасаа өмнө хүмүүсийг хэрхэн ятган сэнхрүүлэх талаарх сургалтуудад суудаг.

Бошиглогчийг (эш үзүүлэгчийг) үнэн эсэхийг шалгах Библийн тест нь юу вэ? Энэ шалгалт Бурханы Үгэнд бий: Дэд хууль 18:21-22-т, “Та нар зүрхэндээ ‘ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?’ гэж бодох аваас хэрэв эш үзүүлэгч ЭЗЭНий нэрээр ярьж, тэр зүйл нь болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдаагүй үг юм. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай” гэжээ. Ямар нэг зүйл ирээдүйд болох талаар Иосеф Смит “Эзэний нэрээр” бошиглосон (эш үзүүлсэн) ч, тэр нь болоогүй тохиолдол бий юу? Тиймээ, яг үнэндээ түүний хэлсэн олон зүйл болоогүй.

Хэрэв Нью-Йорк хотынхон (Мормоны) сайн мэдээнээс татгалзвал Нью-Йорк хот сүйрэх болно гэж Иосеф Смит бошиглосон (Сургаал ба Гэрээ 84:114-115). Мөн тэр Өмнөд Каролины бослого болон мужуудын хоорондох дайн нь “дэлхийн бүх үндэстнүүд дээр юүлэгдэх болно; боолчууд босох болно; дэлхийн оршин суугчид гашуудах болно; өлсгөлөнгөөр мөн тахал мөн газар хөдлөлт мөн тэнгэрийн аянга мөн тэрчлэн хурц хийгээд догшин гялбаа болгогдох болно; дэлхийн оршин суугчид бүх үндэстнүүдийн бүрэн төгсгөл болно” (Сургаал ба Гэрээ 87) хэмээн бошиглосон байна. Үнэндээ түүхэнд ийм юм огт болоогүй нь тодорхой. Хачирхалтай нь, Иосеф Смитийн бошиглолын хүч чадлыг нь батлахын тулд Мормончууд энэхүү биелээгүй бошиглолыг нь хамгийн ихээр дурьддаг ажээ!

Цаашилбал, Дэд хууль 13:1-3-т “Эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгч та нар дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг таниулаад, чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелж тэрээр ‘Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган тэдэнд зарагдацгаая’ гэж хэлсэн ч чи тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийн үгийг бүү сонс. Учир нь бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь ЭЗЭН Бурхан чинь шалган үзэж байгаа юм” гэж айлдсан. Иосеф Смит дагалдагч нараа “өөр бурхад” руу дагуулсан уу? Тийм ээ, дагуулсан.

Олон бурхад байдаг гэдэгт Иосеф Смит итгэдэг байсан. “History of the Church” номын 6:474-т Смитийн хэлсэн үгийг эш татсан байдаг: “Би дандаа, бас бүх цугларалтад Бурханы талаарх сэдвээр номлох болбол олон бурхан байдаг гэж номлож байсан гэдгийг баяртайгаар тунхаглая”. Мөн Иосеф Смит “Бурхан Өөрөө нэгэнтээ одоогийн бидэн шиг байсан бөгөөд эдүгээ өргөмжлөгдсөн хүмүүн” хэмээн тунхаглажээ (“Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Иосеф Смит” 48 хуудас) гэж тунхаглажээ. Библи дээр Бурханы тухай хэзээ ч ингэж хэлдэггүй нь тодорхой.

Галат 1:6-7-д “Христийн нигүүлслээр та нарыг дуудсан Түүний сайнмэдээнээс өөр сайнмэдээ рүү та нар ийм түргэн эргэсэнд би гайхлаа” гэсэн. Ийм зүйл хийсэн хүмүүст Паул хараалыг тунхагласан. Ром 1:16-д Паул бидэнд “Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн” хэмээн өгүүлсэн. Энэ бол маш чухал зарчим. Иосеф Смит “өөр сайнмэдээ”-г заасан уу? Тийм ээ, заасан.

Мормоны Ном бол “үүрдийн (сайн мэдээний) сургаалыг бүрнээр нь тээсэн” хэмээн Мормончууд итгэдэг. Мормоны Номын Удиртгал хэсэгт тийнхүү бичсэн байдаг. (“Сургаал ба Гэрээ” 20:9; 27:5; 42:12; 135:3 зэргийг мөн хар) Тэгвэл, Мормончуудын хувьд сайн мэдээ гэж юу вэ? Энэ асуулт бол ихэнх ХҮГ-үүдийн хувьд хариулахад хэцүү асуулт. “Mormon Doctrine” номын зохиолч, ХҮГ-ийн Төлөөлөгч Брюс МакКонкигийн бичсэнээр бол сайн мэдээ гэдэг нь: “Авралын төлөвлөгөө нь дотроо бүх хуулиудыг, зарчмуудыг, сургаалыг, зан үйлүүдийг, үйл ажиллагаануудыг, хүч чадал, эрх мэдэл болон хүнийг аварч, өргөмжлөх түлхүүрүүдийг агуулсан байдаг” гэжээ. Өөрөөр хэлбэл, Мормоны теологийг бүхэлд нь хэлж байгаа юм. Мормоны сайн мэдээ бол, итгэл + наминчлал + баптисм + гар тавилт + ариун сүмийн ажил + номлогчийн ажил + сүмийн үйлчлэл + аравны нэг + гэм нүглээ орхих + кафейн агуулсан хүчтэй уух зүйлс, архи тамхи мэт хорт зуршлуудаас хол байх + Иосеф Смитийг бошиглогч гэж хүлээж авах + ариун сүмийн гэрлэлт + нас барагсдын төлөөх баптисм + гэр бүлийн түүх... гэх мэтээр жагсаалт эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Зөвхөн энэ бүхнийг хийж гүйцээхэд л Мормончууд селестиел хаант улсыг хүлээж авах бөгөөд, Мормоны сайн мэдээний эцсийн зорилго болох бурхад болох зорилгодоо хүрнэ гэж заадаг. (“Мормоны Ном” 3 Нифай 27:13-21; Итгэлийн Тунхаг 4; Смит, “Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Иосеф Смит” 545 хуудас; “Сайн мэдээний зарчмууд” 303 хуудас; “Сургаал ба Гэрээ” 39:5-6; 132:19-20). Гол нь, Мормончуудын хувьд дахин амилах чадварыг олоод, ажил үйлсээ шүүлгэх нь маш чухал. Христийн үхэл энэ зорилгоос нь илүү байр суурийг эзэлдэггүй.

Хэдийгээр бид хүний мотиваци буюу хөдөлгөгч хүчийг шүүж чадахгүй ч, харин түүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийг нь шүүж болно, шүүх ч ёстой. Дэд хууль 13 ба 18-р бүлэгт буй шалгалтуудыг Иосеф Смит болон Мормоны Ном даван гарч чадахгүй. Бурхан хуурамч эш үзүүлэгчдийг (бошиглогчид) ноцтойгоор авч үздэг. Дэд хууль 13:5-т "...тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийг алах ёстой. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү арилган зайлуулах ёстой” хэмээсэн. Дэд хууль 18:19-20-т "Миний нэрээр ярих эш үзүүлэгчийн хэлэх үгийг сонсоогүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно. Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг Миний нэрээр дураараа ярих эсвэл өөр бурхдын нэрээр ярих эш үзүүлэгч байвал тэр эш үзүүлэгч үхэх болно”, Галат 1:8-9-т “Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал хараагдаг. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг " гэжээ.

Биднийг Бурхан руу авчрах Түүний хүч бол Сайнмэдээ юм. Сайнмэдээнд садаа бологсдыг Бурхан зүгээр өнгөрөөхгүй. Сайнмэдээг мушгин гажуудуулж байгаа аливаа сургаал болон хүмүүсийг ялган таних чадвар ба үүрэг хариуцлагыг Бурхан бидэнд өгсөн. Хэрэв бид Бурханы тушаалыг дагахыг хүсэж байвал ХҮГ-ийн тунхаглалыг анхааралтай судлах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ Мормончууд гадны хүмүүсийг уриад, “Хэрэв бидний сургаал алдаатай бол бидэнд харуулж, ойлгуул” гэж уриалдаг. (ХҮГ-ийн Төлөөлөгч Орсон Пратт, The Seer, p.15).

(Нийтлэлчийн тайлбар: Энэхүү нийтлэлд эш татсан Мормончуудын талаарх ихэнх баримтуудыг Mormon Doctrine, Итгэлийн Тунхаг, History of the Church, Сургаал ба Гэрээ гэх мэт Мормончуудын ном хэвлэлүүдээс авсан болно. Бусдыг нь Мормоны Номоос авсан.)

English
Монгол хэл дээрх сайт руу буцах
Христэд итгэгчид Мормоны Номыг юу гэж үзэх нь зохилтой вэ?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав