Хуучин Гэрээний үед Бурхан яагаад амьтны тахилыг шаарддаг байсан бэ?



Асуулт: Хуучин Гэрээний үед Бурхан яагаад амьтны тахилыг шаарддаг байсан бэ?

Хариулт:
Бурхан амьтны тахилыг нүглийн түр зуурын уучлал болгон, мөн хожим ирэх төгс, бүрэн тахил болох Есүсийг Христийг үлгэрлэн харуулахын тулд шаарддаг байсан (Левит 4:35, 5:10). Амьтнаар тахил өргөх тухай сэдэв Библид маш чухал байр суурийг эзэлдэг. Учир нь Еврей 9:22 “цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ” гэсэн.

Адам, Ева хоёрыг нүгэл үйлдэхэд нь Бурхан тэдэнд амьтан алж, арьсаар нь хувцас хийж өмсгөсөн (Эхлэл 3:21). Кайн, Абел хоёр Бурханд тахил авчирсан. Абел “сүргийнхээ анхны төл”-г авчирсан учраас Бурханд хүлээн авагдсан боловч Кайн газраас авсан үр жимснээсээ авчирсан учраас хүлээн авагдаагүй (Эхлэл 4:4-5). Үер дуусахад Ноа Бурханд амьтнаар тахил өргөсөн байдаг (Эхлэл 8:20-21).

Бурхан Израйль ард түмэнд тоолшгүй олон тахилыг Өөрийнх нь тогтоосон тодорхой дэг жаягийн дагуу өргөхийг тушаасан. Нэгд, өргөгдөх амьтан ямар ч согоггүй байх ёстой. Хоёрт, тахил өргөж байгаа хүн өөрийгөө амьтантай адилтгах ёстой. Гуравт, тахил өргөж байгаа хүн тухайн амьтанд үхлийг оноох ёстой. Итгэлээр өргөгдөх үед тахил нь нүглийн төлөөх өршөөл болж хүлээн зөвшөөрөгддөг. Эвлэрүүллийн Өдөр өргөх өөр нэг тахил нь нүглийг өршөөн, нүглийг зайлуулах тухай Левит 16-р бүлэгт гардаг. Тэргүүн тахилч нүглийн тахил болгон хоёр ухна авах ёстой байв. Нэг ухныг нь Израйль ард түмний нүглийн төлөөх тахил болгон өргөдөг бол (Левит 16:15) нөгөөг нь зэлүүд газарт суллаж тавих ёстой байв (Левит 16:20-22). Алуулсан ухна нүгэл өршөөгдсөнийг, суллагдсан ухна нүгэл зайлуулагдсаныг илэрхийлдэг байсан.

Тэгвэл бид өнөө үед яагаад амьтнаар тахил өргөхөө больсон бэ? Есүс Христ төгс, бүрмөсөн тахил болсон учраас амьнаар тахил өргөх явдал дуусгавар болсон. Баптизм хүртэхээр өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад энэ бүхнийг ойлгосон Иохан Баптист “Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” (Иохан 1:29) гэж хэлсэн юм. Магадгүй та өөрөөсөө “Яагаад амьтан гэж? Тэд ямар буруу юм хийсэн юм бэ” хэмээн асууж байж болох юм. Энэ бол гол санаа – амьтан буруу зүйл хийгээгүй учир тахил өргөж байгаа хүнийхээ оронд үхдэг байсан юм. Есүс Христ бас ямарч буруу юм хийгээгүй мөртлөө Өөрийгөө хүн төрөлхтний нүглийн төлөө үхэхийг хүсэмжлэн сонгосон (1Тимот 2:6). Есүс Христ бидний нүглийг үүрэн бидний оронд үхсэн юм. 2Коринт 5:21-д “Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм” гэсэн байдаг. Есүс Христийн загалмай дээр биелүүлсэн зүйлд итгэх итгэлээрээ бид өршөөлийг хүлээн авч чаддаг.

Дүгнэн хэлбэл, хүний нүглийг өршөөхийн тулд Бурхан амьтнаар тахил өргөхийг тушаасан. Амьтан хүнийг орлох үүргийг гүйцэтгэдэг байсан – тэд нүгэлтний өмнөөс үхдэг байсан. Гэвч энэ тахил түр зуур л хүчинтэй учраас хүмүүс дахин дахин тахил өргөх шаардлагатай болдог байв. Харин амьтны тахил Есүс Христээр дуусгавар болсон. Есүс Христ бүгдийн төлөө нэгмөсөн өргөгдсөн төгс тахил (Еврей 7:27) болсон бөгөөд Бурхан ба хүмүүсийн хоорондох цор ганц Зууч юм (1Тимот 2:5). Амьтны тахил нь бидний төлөө тахил болох Христийг бидэнд тусган харуулж байсан. Бидний нүглийн төлөө Өөрийгөө золиос болгон өргөх Христ дээр суурилагдаж байж л амьтны тахил нь нүглийн өршөөл болж чаддаг байв.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Хуучин Гэрээний үед Бурхан яагаад амьтны тахилыг шаарддаг байсан бэ?