Бурхан яагаад Сатан болон чөтгөрүүдэд нүгэл үйлдэхийг зөвшөөрдөг байна?


Асуулт: Бурхан яагаад Сатан болон чөтгөрүүдэд нүгэл үйлдэхийг зөвшөөрдөг байна?

Хариулт:
Тэнгэрэлчүүд ба хүн төрөлхтөнд хоёуланд нь Бурхан сонголт гэх зүйлийг өгөхөөр шийдсэн. Библид Сатан болон унасан тэнгэрэлчүүдийн бослогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч магадгүй бүх тэнгэрэлчүүдийн хамгийн агуу нь байж болох Сатан (Езекиел 28:12–18) өөрөө бурхан болох арга зам хайж Бурханы эсрэг бослого гаргахаар бардамнасан нь харагддаг. Сатан (Люсифер) Бурханд мөргөх эсвэл дуулгавартай дагахыг хүсээгүй, харин тэр Бурхан болохыг хүссэн (Исаиа 14:12-14). Илчлэл 12:4 ишлэлээс тэнгэрэлчүүдийн гуравны нэг нь Сатаныг дагаж, түүний бослогод оролцсоноор унасан тэнгэрэлчүүд буюу чөтгөрүүд болжээ гэдгийг бэлгэдлийн дүрслэлээр ойлгож болдог.

Хүн төрөлхтнөөс ялгаатай тал нь тэнгэрэлчүүдийн хувьд Сатаныг дагах эсвэл Бурханд үнэнч үлдэх сонголт нь мөнхийн үр дагавартай байсан. Унасан тэнгэрэлчүүдэд гэмших, уучлагдах боломж байхгүй гэж Библи хэлдэг. Мөн цаашид өөр тэнгэрэлч нар гэм үйлдэх боломжтой талаар Библи дурдаагүй. Бурханд үнэнч үлдсэн тэнгэрэлч нарыг «сонгогдсон тэнгэрэлч» гэж дүрсэлсэн (1Тимот 5:21). Сатан ба унасан тэнгэрэлч нар нь Бурханыг бүх сүр жавхлан дунд байхад нь л мэддэг байв. Бурханы тухай тэд мэдэж байсан ч үл тоомсорлон бослого гаргах нь хамгийн муу ёрын зүйл. Үүний үр дагавраас болж Бурхан Сатан болон бусад унасан тэнгэрэлч нарт гэмших боломж өгсөнгүй. Цаашилбал, Бурхан тэдэнд боломж олгосон ч гэсэн тэд гэмших болно гэсэн ямар ч шалтгаан Библид өгөгдөөгүй (1Петр 5: 8). Бурхан Сатан болон тэнгэрэлчүүдэд Адам, Ева хоёрт өгсөн шиг Түүнийг дагах, мөн дагахгүй байх сонголтыг өгсөн. Тэнгэрэлч нарт сонгох эрх чөлөө байсан; Бурхан ямар ч тэнгэрэлч нарыг гэм үйлдэхийг албадах юмуу өөгшүүлээгүй. Сатан болон унасан тэнгэрэлчүүд өөрсдийнхөө сонголтоор гэм үйлдсэн тул Бурханы мөнхийн уур хилэнг галт нууранд хүртэх ёстой болдог.

Бурхан яагаад тэнгэрэлчүүдэд сонголт өгсөн, ийм үр дагаварт хүрнэ гэдгийг Тэрээр хэзээ мэдсэн бэ? Тэнгэрэлчүүдийн гуравны нэг нь бослого гаргаж, үүрдийн галд хараагдах болно гэдгийг Бурхан мэдэж байсан. Сатан цаашлаад хүн төрөлхтнийг гэмд уруу татан оруулах замаар бослогоо тэлэхийг Бурхан мэдэж байсан. Тэгэхлээр Бурхан яагаад үүнийг зөвшөөрөв? Библид энэ асуултын хариуг яг тодорхой хариулаагүй. Ер нь ямар ч муу үйлийн талаар асуухтай энэ нь ялгаагүй болно. Бурхан яагаад үүнийг зөвшөөрдөг вэ? Эцэс төгсгөлдөө энэ нь Бурханы бүтээсэн зүйлээ хариуцах бүрэн эрхт байдалтай хамааралтай. Дуулаач бидэнд "Бурханы зам төгс төгөлдөр" гэж хэлдэг (Дуулал 18:30). Хэрэв Бурханы арга замууд нь "төгс төгөлдөр" юм бол Түүний хийдэг зүйл, мөн Түүний зөвшөөрсөн бүх зүйл төгс болно гэдэгт бид үзэж болно. Тиймээс бидний төгс төгөлдөр Бурханаас гаргасан төгс төлөвлөгөө нь нүглийг зөвшөөрөх явдал байв. Бидний оюун ухаан бол Бурханы оюун ухаан биш, бидний арга замаас Бурханы арга зам ялгаатай талаар Исаиа 55:8–9 хэсэгт Тэрээр бидэнд сануулсан.

Монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Бурхан яагаад Сатан болон чөтгөрүүдэд нүгэл үйлдэхийг зөвшөөрдөг байна?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав