settings icon
share icon
Асуулт

Нялх, бага насны хүүхэд нас барвал тэдэнд юу тохиолдох вэ? Хариуцлага үүрэх насны талаар Библийн хаанаас олох вэ?

Хариулт


“Хариуцлага үүрэх нас” гэдэг нь хүүхэд тодорхой тогтоогдсон нас хүртэл Бурханы өмнө нүглийнхээ хариуцлагыг үүрэхгүй байх насыг хэлэх бөгөөд хэрэв тэр хүүхэд тогтоогдсон насыг хүрэхээсээ өмнө үхвэл Бурханы ивээл ба нигүүлслээр тэнгэрийн улсад шууд орох болно гэсэн ойлголт юм. Наснаасаа хамаарч хариуцлага үүрэх эсэх талаарх энэ ойлголт Библилэг үү? “Гэм буруугүй нас” гэх зүйл ер нь байдаг юм уу?

Нялх, балчир хүүхдүүд хэдийгээр хувь хүнийхээ хувьд нүгэл үйлдээгүй ч, бүх хүнд (нялх, балчир хүүхдүүдийг оролцуулан) нүгэл шингэж, өвлөгдсөн учир тэд Бурханы өмнө гэм буруутай гэж Библи хэлдэг. Өвлөгдсөн нүгэл гэдэг нь эцэг эхээс маань бидэнд өвлөгдөн ирсэн нүглийг хэлнэ. Дуулал 51:5–д Давид “Харагтун, хилэнц дунд би төрж, нүгэл дотор эх минь намайг олж тээсэн” гэжээ. Төрөхдөө хүртэл нүгэлтэн байснаа Давид ухаарсан. Биеийн болон сүнсний үхэл нь Адамын нүглийн үр дагавар учраас нас барж байгаа нярай хүүхдүүд хүртэл Адамын нүглийн нөлөөнд автсан байгаа нь үнэхээр гунигтай асуудал.

Хүн бүр, нялх нярай, насанд хүрсэн хүрээгүй гэлтгүй бүгдээрээ Бурханы өмнө буруутай, Бурханы ариун байдалд хүрдэггүй. Хүн Христ доторх итгэлээрээ өршөөлийг хүлээн авсан цагт л Бурхан шударга байхын сацуу тэр хүнийг зөвт хэмээн тунхаглаж чадна.

Христ бол цорын ганц зам. Иохан 14:6–д “Есүс – Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” хэмээн хэлснийг тэмдэглэсэн байдаг. Мөн Петр Үйлс номын 4:12–т “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв” хэмээсэн. Аврал бол хувь хүний сонголт.

Тэгвэл энэхүү хувь хүний сонголтыг хийх чадварт хүрэлгүй нас барсан нялхас, балчир хүүхдүүд яах вэ? Үүрэг хариуцлагын нас хэмээх ойлголтоор бол тогтоогдсон насанд хүрээгүй хүүхдүүд автоматаар Бурханы ивээл ба нигүүлслээр аврагдах болно гэж үздэг. Энэ бол Христийн эсрэг сонголт хийх үү, эсвэл Христийн төлөө сонголт хийх үү гэдгээ хувьчлан шийдэх чадварт хүрэлгүйгээр үхвэл Бурхан тэднийг аврах болно гэдэгт итгэх итгэл юм. Үүнд хариулт өгч болох нэгэн эшлэл бий: Ром 1:20, “Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй”. Үүнийг харвал, хүн төрөлхтөн Бурханы өмнө буруутай байгаа нь зарим талаар тэд Түүний оршихуй, мөнх байдал ба хүчийг “тодорхой хардаг” ч эсэргүүцдэгээс нь болдог байна. Эндээс Бурханыг эрэн хайж, Түүнийг гэрчлэх юмсыг “тодорхой харах” чадвартай болоогүй хүүхдүүд яах вэ? – Ажиглаж, учир шалтгааныг тунгаах чадвар цаанаасаа суугаагүй нялх балчир тэднийг хэлтрүүлэхгүй гэж үү?

Еврейн заншлаар арван гурав хүрсэн хүүхдийг насанд хүрсэнд тооцдог тул хүмүүс энэ насыг хариуцлагын нас гэх нь элбэг. Гэсэн хэдий ч, үүнийг шууд баталсан баримт Библид байхгүй. Хүүхэд бүр харилцан адилгүй. Хариуцлага үүрэх насыг нэгэнт өнгөрсөн бол хүүхэд Христийн төлөө, эсвэл Христийн эсрэг итгэлийн шийдвэр гаргах чадвартай. Чарльз Спүржон “таван настай хүүхэд үнэхээр аврагдаж, насанд хүрсэн хүнээр өөрчлөгдөх боломжтой” гэсэн санааг дэвшүүлдэг.

Дээр хэлснийг бодонгоо мөн дараах зүйлийг авч үзье: Христийн үхэл бүх хүн төрөлхтөнд хангалттай. 1 Иохан 2:2–т Есүс “Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ”. Есүсийн үхэл зөвхөн Өөр лүү нь итгэлээр ирдэг хүмүүсийн биш, бүх нүглийн төлөөх хангалттай өргөл болсон гэдгийг энэ ишлэлд тодорхой хэлсэн байна. Христийн үхэл бүх нүглийг далдлахад хангалттай хүрэлцэнэ гэдэг нь итгэлийн шийдвэр гаргах чадварыг хэзээ ч эзэмшээгүй хүмүүсийн төлбөрийг Бурхан төлөх боломжийг олгож байна.

Зарим хүмүүс хариуцлагын нас, гэрээний харилцаа хоёрын хооронд холбоо байна гэж хардаг. Гэрээний харилцаа гэдэг нь Израйль үндэстэн ба Эзэн хоёрын хоорондох харилцаа бөгөөд эрэгтэй хүүхэд төрснөөсөө хойш найм дахь хоног дээрээ хозлуулахаас өөр үүрэг хариуцлагыг энэ харилцаанд хүлээхгүй гэж үздэг байсан. (Гэтлэл 12:48–50; Левит 12:3).

Гарч ирж байгаа асуулт нь: “Хуучин Гэрээний хамааруулах чанар нь өнөөгийн чуулганд хэрэгжих үү?” Пентекостын өдөр Петр хүмүүст хандан “Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ” гэв. (Үйлс 2:38–39). Энд гарч байгаа “хүүхдүүд” гэдэг нь (Грекээр teknon) “хүүхэд, охин, хүү” гэсэн утгатай. Үйлс 2:39–д нүглийн өршөөл нь ирээдүй үеийнхнийг оролцуулан хувь хүн болон бүгдэд боломжтой гэдгийг харуулдаг (Үйлс 1:8). Энэ нь гэр бүл, айл өрхөд авралыг заадаггүй. Гэмшсэн хүмүүсийн хүүхдүүд мөн гэмших шаардлагатай байсан.

Энэ сэдэвтэй юу юунаас илүү холбоотой бас нэгэн хэсэг 2Самуел 12:21-23 багцад байдаг. Энэ хэсэгт Давид Хаан Батшебатай завхайрч түүнийг жирэмсэн болгосон тухай гардаг. Эзэнээр илгээгдсэн эш үзүүлэгч Натан Давидад хандан нүглийнх нь улмаас Эзэн хүүг үхүүлэх болно гэсэн мэдээг дамжуулдаг. Давид хариуд нь гашуудаж, хүүгийн төлөө залбирдаг. Гэвч хүүхдийг нас барсны дараа Давидын гашуудал дуусдаг. Давидын зарц нар энэ талаар сонсоод ихэд гайхаж түүнээс “Та юу хийх нь энэ вэ? Хүүхдийг амьд байхад нь та мацаг барин, уйлж байсан. Харин түүнийг нас барахад та босож хоол унд идэж уулаа” гэв. Давид хариуд нь “Хүүхдийг амьд байхад нь би мацаг барин залбирч байсан. Учир нь би “Хэн мэдэх билээ? Эзэн надад нигүүлсэнгүй хандаж хүүхэд амьдрах ч юм бил үү?” гэсэн. Харин одоо тэр нас барлаа. Би яагаад мацаг барих ёстой гэж? Би түүнийг буцаан амилуулж чадна гэж үү? Би түүн дээр очиж болно, харин тэр над дээр эргэж ирэхгүй” гэсэн. Давидын хариултаас итгэж чадаагүй хүүхэд Эзэний гарт аюулгүй байгаа гэсэн санааг харж болно. Давид өөрөө түүн дээр очиж болох ч, тэр өөрөө хүүхдийг буцаан авчирч чадахгүй гэсэн. Мөн хамгийн гол нь Давид энэ мэдлэгийнхээ улмаас тайвширсан юм шиг байна. Өөрөөр хэлбэл, Давид бяцхан хүүгээ буцаан авчирч чадахгүй ч, түүнтэйгээ дахин (тэнгэрийн улсад) уулзах болно гэж хэлж байх шиг.

Хэдийгээр Бурхан итгэж хараахан чадаагүй хүмүүсийг Христийн төлсөн төлөөсөөр дамжуулан өршөөх боломжтой ч, ингэнэ гэж Библид тодорхой хэлсэн газар байхгүй. Тиймээс, энэ бол бид хэт хатуу, ягшмал баримтлалтай байж болохгүй гэсэн үг юм. Итгэж чадаагүй хүмүүсийг Христийн цусаар хучих нь Бурханы хайр ба нигүүлсэлтэй салшгүй холбоотой. Нүгэлт мөн чанараа ойлгож, Аврагчийн хэрэгцээг ухамсарлах чадваргүй нялх балчир хүүхдүүд, оюун ухааны бэрхшээлтэй хүмүүсийн нүглийг Бурхан Христийн цусаар хучин өршөөдөг гэдэг бол бидний байр суурь. Гэвч дахин хэлэхэд, бид ягшмал үзэлтэй байж болохгүй. Энэ бүхнээс бид нэг зүйлийг баттай мэднэ: Тэр бол хайрын, ариун, нигүүлсэнгүй, шударга, өршөөнгүй Бурхан. Бурханы хийж байгаа бүхэн үргэлж зөв шударга бөгөөд сайн. Мөн Түүний хүүхдүүдийг хайрлах хайр бидний хүүхдүүдийг хайрлах хайраас ч агуу билээ.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Нялх, бага насны хүүхэд нас барвал тэдэнд юу тохиолдох вэ? Хариуцлага үүрэх насны талаар Библийн хаанаас олох вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries