Асуулт
Есүст төрсөн дүү нар байсан уу?
Хариулт
Есүсийн эрэгтэй дүү нарын талаар Библийн хэд хэдэн ишлэлд гардаг. Тухайлбал Матай 12:46, Лук 8:19, Марк 3:31 гэсэн ишлэлд Есүсийн эх болон дүү нар нь Түүнтэй уулзахаар ирсэн тухай гардаг. Библид Есүсийг дараах дөрвөн эрэгтэй дүүтэй байсан гэж өгүүлдэг: Иаков, Иосеф, Симон, Иуда (Матай 13:55). Мөн Библид Есүсийг охин дүү нартай байсан гэдэг ч тэдний нэрс ба тоог нь дурдаагүй (Матай 13:56). Иохан 7:1-10 хэсэгт Есүс үлдэж, дүү нар нь баярт явсан тухай гардаг. Үйлс 1:14 ишлэлд Түүний эх болон дүү нар нь дагалдагч нартай хамт залбирч байгаа тухай өгүүлдэг. Галат 1:19 ишлэлд Иаковыг Есүсийн дүү гэж дурддаг. Библийн эдгээр ишлэлээс Есүст эцэг ондоотой төрсөн дүү нар байсан гэдэг дүгнэлт хийх нь гарцаагүй.
Зарим Ромын Католикчууд эдгээр “эрэгтэй дүү нар” нь үнэндээ Есүсийн үеэлүүд байсан гэж үздэг. Гэсэн хэдий ч дээрх ишлэл болгонд “эрэгтэй дүү” гэх онцгой грек нэр үгээр илэрхийлсэн байдаг. Хэдий энэ үг бусад хамаатныг илэрхийлж болох авч ердийн болон хадмал утгаараа төрсөн дүүг хэлдэг. Хэдий “үеэл” гэх утгаар грек үг байдаг боловч энэ үг ер хэрэглэгдээгүй. Цаашилбал хэрэв тэд Есүсийн үеэл байсан юм бол яагаад тэд үргэлж Есүсийн ээж Мариатай хамт байгаагаар дүрслэгддэг юм бол? Ээж дүү нар нь Есүстэй уулзахаар ирсэн Библийн хэсгийн (Марк 3:31) хам сэдвийг харвал Түүний жинхэнэ, нэг эхтэй хагас цусны дүү нар гэхээс өөр садан гэх ямар нэг тэмдэг дохио байхгүй нь харагддаг.
Есүсийн дүү нарыг Иосефын өмнөх эхнэрээс нь төрсөн хүүхдүүд гэж үздэг Ромын Католикчуудын дахиад нэг өөр үзэл бий. Иосеф Мариагаас олон насаар ах байсан, өмнө нь гэрлэсэн байсан, олон хүүхэдтэй болж байсан, тэгээд Мариатай гэрлэхээс өмнө бэлэвсэрсэн зэрэг онол нь бүхэлдээ Библийн ямар ч үндэслэлгүй, зохиогдсон зүйлс. Гол асуудал нь Иосефыг Мариагаас өмнө нь гэрлэж, хүүхэдтэй болж байсныг илтгэх дохио төдий зүйл ч Библид байдаггүй. Хэрэв Иосеф Мариатай гэрлэхээсээ өмнө дор хаяж зургаан хүүхэдтэй байсан бол Иосеф Мариа хоёрын Бетлехем рүү явалт (Лук 2:4-7), Египет (Матай 2:13-15) рүү дүрвэсэн нүүдэл, эсвэл Назар (Матай 2:20-23) руу буцан ирсэн аялал зэрэгт ер дурдагдаагүй байх вэ?
Есүсийн дүү нар бол Иосеф, Мариа хоёрын төрсөн хүүхдүүд гэдгээс өөрөөр итгэх ямар шалтгаан Библиэс олдохгүй. Есүс ийм эх нэгтэй эрэгтэй, эмэгтэй дүү нартай байсан гэх санааг илтээр эсэргүүцэж байгаа хүмүүс нь Бичвэрийг уншаад гаргаж ирж буй санаа бус, харин Мариаг үүрд онгон байсан гэдэг илт библийн бус үзэл баримтлалаас үүдэлтэй: “(Иосеф) түүнтэй (Мариа) энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв (Матай 1:25).” Есүс нь Иосеф, Мариа хоёрын хүүхдүүд буюу эх нэгтэй эрэгтэй, эмэгтэй дүү нартай байсан. Энэ бол Бурханы Үгийн маш тодорхой, хоёрдмол биш утгатай сургааль мөн.
English
Есүст төрсөн дүү нар байсан уу?