Хэрэв Есүс Бурхан байсан бол яагаад Бурханд залбирсан бэ? Есүс Өөртөө залбирч байсан уу?



Асуулт: Хэрэв Есүс Бурхан байсан бол яагаад Бурханд залбирсан бэ? Есүс Өөртөө залбирч байсан уу?

Хариулт:
Есүс Бурханы хувьд дэлхий дээр байж, тэнгэрт орших Өөрийн Эцэгтээ залбирч байсныг ойлгохын тулд бид Есүс хүний хэлбэрийг Өөртөө авахаасаа өмнө үүрд мөнхийн Хүүгийн хувьд үүрд мөнхийн Эцэгтэйгээ үүрд мөнхийн харилцаатай байсныг ойлгох шаардлагатай. Иохан 5:19-27 багц хэсэг, ялангуяа 23 ишлэлд Есүс Эцэг Хүүгээ илгээсэн тухай зааж байгааг анхааралтай унш (мөн Иохан 15:10 үз). Есүс Бетлехемд төрөх үедээ л Бурханы Хүү болоогүй юм. Тэрээр өнгөрсөн үүрд мөнхөөс л Бурханы Хүү байсаар ирсэн, одоо ч Бурханы Хүү, үргэлж тийм байх юм.

Исаиа 9:6 бидэнд Хүү өгөгдсөн бөгөөд Хүүхэд төрсөн гэж хэлдэг. Есүс Ариун Сүнсний хамтаар гурван-нэгдлийн нэг хэсэг нь үргэлж байсан. Эцэг Бурхан, Хүү Бурхан, Сүнс Бурхан гэх гурван-нэгдэл нь үргэлж оршсон бөгөөд гурван бурхад биш гурван хувь чанартай нэг Бурхан оршин байсан. Есүс Өөрийгөө Бурхан Эцэгтэй нэг гэж заасан (Иохан 10:30) нь Тэрээр Өөрийн Эцэгтэй нэг субстанц, нэг мөн чанартай гэсэн үг юм. Эцэг, Хүү болон Сүнс нь гурван хамтын тэнцүү хувь оршигчид нэг Бурханаар оршдог. Эдгээр гурав нь үүрд мөнхийн харилцаатай байсан, үргэлжлүүлэн байх болно.

Бурханы үүрд мөнхийн Хүү Есүс нь Өөртөө гэмгүй хүн чанарыг авах үедээ Тэрээр мөн боолын хэлбэрийг авч Өөрийн тэнгэрлэг сүр жавхлангаасаа татгалзсан (Филиппой 2:5-11). Бурхан-хүний хувьд Тэрээр Сатанаар соригдож байхдаа, хүмүүсд хуурамчаар гүтгэгдэж байхдаа, Өөрийн хүмүүстээ хаягдаж байхдаа, мөн бүр цовдлогдож байхдаа ч дуулгавартай байдалд суралцах ёстой байсан (Еврей 5:8). Тэрээр Өөрийн тэнгэрлэг Эцэгээсээ залбирч асуусан зүйлс нь хүч чадал (Иохан 11:41-42) ба мэргэн ухаан (Maрк 1:35, 6:46) байсан. Түүний залбирал нь Өөрийн Эцэгийн авралын төлөвлөгөөг гүйцэтгэхийн тулд Өөрийн хүн чанар дотроо Эцэгтээ бүрэн найдаж, түшиглэж байсныг харуулсан бөгөөд Иохан 17 бүлэг дээр гардаг тэргүүн тахилчлалын залбирлаас баталгааг нь харж болно. Түүний залбирал нь Түүнийг Эцгийнхээ хүсэлд бүрэн захирагдсаныг нь харуулсан бөгөөд тэр нь бидний Бурханы хуулийг зөрчсөн (үхлийн) шийтгэлийг төлөхийн тулд загалмай руу алхсан явдал байв (Maтай 26:31-46). Мэдээж хэрэг Тэр булшнаасаа биеэрээ амилсан бөгөөд Түүнийг Аврагч гэдэгт итгэж, гэмээ гэмшсэн бүхэн мөнхийн амь болон уучлалыг олж авна.

Тэгэхлээр Хүү Бурхан нь Эцэг Бурхантайгаа ярилцах эсвэл залбирахад ямар ч асуудал байхгүй. Дээр дурдсан шиг тэд Христийг хүн болохоос ч өмнө үүрд мөнхийн харилцаатай байв. Энэ харилцаа нь Сайнмэдээний номуудад дүрслэгдсэн бөгөөд тэндээс бид Хүү Бурхан Өөрийн хүмүүн чанар дотроо хэрхэн Өөрийн Эцгийн хүслийг гүйцэтгэн биелүүлж, ингэснээр Өөрийн хүүхдүүддээ авралыг худалдан авсан (Иохан 6:38) болохыг бид харж болно. Христийн Өөрийн тэнгэрлэг Эцэгтээ үргэлжлүүлэн дуулгавартай байх нь Түүний залбиралын хэвшлээр хүчирхэгжиж, улам төвлөрч байсан. Христийн залбиралын үлгэр жишээ нь биднийг даган дууриахаар өгөгдсөн.

Есүс Христ нь дэлхийд байхдаа тэнгэрт буй Эцэгтээ залбирч байгаа нь доогуур хүч чадалтай Бурхан гэж ойлгогдохгүй. Тэрээр хэдий гэмгүй хүн байсан ч Эцгийн хүслийг биелүүлэхийн тулд залбиралын хэвшил нь амин чухал хэрэгцээтэй болохыг харуулж байсан. Есүсийн Эцэгтээ залбирч байсан нь Түүний Гурвал доторх харилцааг дэлгэн харуулсан зүйл бөгөөд мөн бид ч хэрэгцээтэй хүч чадал, мэргэн ухааныг олохын тулд залбирлаараа Бурханд найдах ёстойн үлгэр жишээ болдог. Нэгэнт Бурхан-хүн болох Христэд ч хүчирхэг залбиралын амьдрал хэрэгцээтэй байсан шиг өнөөдөр Христийн дагалдагчдад ч адилхан хэрэгтэй.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Хэрэв Есүс Бурхан байсан бол яагаад Бурханд залбирсан бэ? Есүс Өөртөө залбирч байсан уу?