Бурхан гайхамшиг үйлдсээр байна уу?



Асуулт: Бурхан гайхамшиг үйлдсээр байна уу?

Хариулт:
Олон хүмүүс Бурханыг гайхамшиг үйлдэж, тэдэнд Өөрийгөө "батлан" харуулаасай гэж боддог. "Хэрэв Бурхан гайхамшиг, тэмдэг, ер бусын зүйлс хийвэл Би итгэх болно!" Ийм хүсэл нь үнэндээ Библитэй зөрчилдөх болдог. Бурхан Израильчуудад зориулж гайхалтай, хүчирхэг гайхамшгуудаа хийхэд тэр нь тэднийг дуулгавартай дагахад хүргэсэн үү? Үгүй, Израильчууд байнга л дуулгаваргүй загнаж, бүх гайхамшгуудыг нь харсан ч гэсэн Бурханы эсрэг тэрсэлж байв. Бурхан Улаан тэнгисийг хувааж байгааг харсан тэр хүмүүс дараа нь Бурхан Амлагдсан нутгийн оршин суугчдыг байлдан дагуулж чадахгүй гэж эргэлзсэн. Энэхүү үнэнийг Лук 16:19-31 хэсэг дээр тайлбарласан. Түүхэн дээр тамд буй нэгэн хүн Абрахамаас Лазар гэгч хүнийг үхлээс буцаан ах дүүст нь анхааруулга хэлүүлж өгөөч гэж хүсдэг. Абрахам түүнд "Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ" (Лук 16:31) гэсэн.

Есүс тоо томшгүй гайхамшиг үйлдсэн боловч хүмүүсийн олонх нь Түүнд итгээгүй. Хэрэв Бурхан өнгөрсөнд шигээ өнөөдөр ч гайхамшиг үйлдвэл үр дүн нь адил байх болно. Хүмүүс гайхшрах бөгөөд Бурханд магадгүй богино хугацаанд итгэж болох юм. Энэхүү итгэл нь гүехэн бөгөөд ямар нэг тооцоолоогүй, айдастай зүйл тохиолдох үед алга болно. Гайхамшиг дээр тулгуурласан итгэл нь төлөвшсөн итгэл биш. Бурхан энэ дэлхийд Есүс Христ гэх хүний биеэр ирж, загалмай дээр бидний гэм нүглийн төлөө үхэж (Ром 5:8), тэгснээр бид аврагдах болсон (Иохан 3:16) тийм агуу гайхамшгийг Бурхан үйлдсэн. Мөн Бурхан гайхамшгийг үйлдсээр байгаа боловч олон хүмүүс тоож харахгүй явах юмуу эсвэл үгүйсгэдэг. Тиймээс бидэнд илүү гайхамшиг хэрэггүй. Бидэнд хэрэгтэй зүйл нь Есүс Христэд итгэх итгэлээр ирэх авралын гайхамшигт л итгэх юм.

Гайхамшгийн зорилго нь гайхамшиг үйлдэгчийг баталгаажуулан харуулах юм. Үйлс 2:22-т "Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс…" гэсэн. Үүнтэй адил зүйлийг мөн элч нар ийнхүү хэлжээ: "Элчийн шинж тэмдгүүд нь бүхий л тэвчээр, тэмдэг, гайхамшиг хийгээд хүч дор та нарын дунд илэрсэн юм" (2Коринт 12:12). Сайнмэдээний тухай ярихдаа, Еврей 2:4 дээр, "Бурхан бас хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр гэрчилсэн билээ" гэжээ. Одоо бидэнд зориулсан Есүсийн үнэнийг Бичвэрт тэмдэглэсэн байгаа. Бичвэрт тэмдэглэгдсэнээр Есүс болон Түүний элч нар нь бидний итгэлийн суурь бөгөөд булангийн тулгуур чулуу юм (Eфес 2:20). Энэ талаас нь харвал одоо гайхамшиг нь хэрэгцээгүй бөгөөд Есүс болон Түүний элч нарын сургааль нь Бичвэрт зөвөөр бичигдэн, аль хэдийн гэрчлэгдсэн байна. Тиймээ, Бурхан гайхамшгийг үйлдсээр байна. Мөн үүний хажуугаар бид Библийн үед тохиолдож байсан шиг өнөөдөр ч гайхамшиг тохиолдохыг шаардах хэрэггүй юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Бурхан гайхамшиг үйлдсээр байна уу?