Надад зориулсан үнэн сургаал байна уу?




Асуулт: Надад зориулсан үнэн сургаал байна уу?

Хариулт:
Түргэн хоолны газрууд бидний хүссэнээр хоолыг бэлдэнэ хэмээн биднийг уриалан дуудна. Зарим кофе шопнууд хэдэн зуун төрлийн кофегоор үйлчилдгээрээ бахархана. Бид байшин юм уу машин худалдан авахдаа яг өөрт хэрэгтэй, таалагдсанаа сонгон авдаг. Бид одоо зүгээр нэг шоколад, ванилла, гүзээлзгэний ертөнцөд амьдрахаа больжээ. Сонголт бол хаан! Та өөрийнхөө хэрэгцээ болон дур хүсэлдээ нийцсэн юуг ч болов олж болдог болсон.

Тэгвэл танд тохирсон итгэл бишрэлийг хэрхэн сонгох вэ? Таныг буруутгадаггүй, өндөр шаардлага тавьдаггүй, тэрийг ч болно энийг ч болно гэсэн үй олон зан үйлгүй сургаал байвал яах вэ? Яг ийнхүү дүрсэлсэнчлэн сургаал байгаа боловч бид аливаа шашин сургаалыг сонгохдоо мөхөөлдөсний сонголт хийж буй мэтээр сонгох ёстой гэж үү?

Бидний анхаарлыг татахаар өчнөөн олон дуу хоолой биднийг даллах бөгөөд Есүсийг, Мухаммед, Күнз, Будда, Далай лам юм уу Мормон нараас яагаад дээгүүр тавих ёстой гэж? Эцсийн эцэст бүгдээрээ л Мөнхийн улс уруу хөтөлдөггүй гэж үү? Бүх шашнууд зарчмын хувьд адил биш үү? Үнэн хэрэгтээ бүх л зам Ховд уруу хөтөлдөггүй шиг, бүх шашин биднийг Мөнхийн улс уруу аваачихгүй.

Зөвхөн Есүс ганцаараа Бурханы эрх мэдлээр ярьж байсан бөгөөд учир нь Есүс л үхлийг ялан дийлсэн билээ. Мухаммэд, Күнз болон бусад шашныг үндэслэгч нар булшиндаа өдий болтол байсаар ахул Есүс, Ромын бусармаг загалмай дээр нас барсан ч Өөрийн хүч чадлаараа гурав хоногийн дараагаар булшнаасаа алхан одсон билээ. Үхлийг ялан дийлсэн хүч бидний анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг. Үхлийг ялан дийлсэн хүч бусдад сонсогдох нь зүйн хэрэг.

Есүсийн дахин амилсан тухай хангалттай баримтууд бий. Нэгдүгээрт, дахин амилсан Есүсийг таван зуугаас илүү хүмүүс нүдээрээ гэрчилсэн байдаг. Энэ нь үнэхээр хангалттай гэрчүүд юм. Таван зуун дуу хоолойг сонсохгүй, тоохгүй өнгөрч боломгүй. Түүнчлэн хоосон булш байна. Есүсийн дайснууд Түүнийг дахин амилсан гэдэг яриаг таслахын тулд Түүний муудан ялзарч буй биеийг үзүүлэхэд л хангалттай байсан боловч үзүүлэхээр цогцос ч байсангүй! Булш нь хоосон байсан! Дагалдагч нар нь биеийг нь хулгайлсан байж болохгүй гэж үү? Боломж их муу. Тиймэрхүү халдлагаас урьдчилан сэргийлж, зэвсэглэсэн цэргүүдээр булшийг зузаатган хамгаалсан байлаа. Түүний хамгийн ойрын шавь нар нь Түүнийг баривчлагдан цовдлогдоход нь айн зугтаасан бөгөөд эдгээр айн мэгдсэн загасчид байнгын бэлтгэлтэй, мэргэжлийн цэргүүдийн өмнөөс босно гэдэг юу л бол. Хамгийн энгийн баримт гэвэл Есүсийн дахин амилсаныг үгүйсгэх аргагүй билээ.

Дахин хэлэхэд, үхлийн ялан дийлсэн хүч чадалтай нэгэн нь бусдад заавал сонсогдох учиртай билээ. Есүс үхлийг ялан дийлсэнээрээ хүч чадлаа харуулсан тул Түүний юу хэлэхийг сонсох хэрэгтэй. Есүс өөрийгөө авралд хүрэх цорын ганц зам гэж хэлсэн (Иохан 14:6). Тэр байдаг л олон замуудын нэг биш юм. Тэр бол цорын ганц зам мөн.

Энэ л Есүс, "Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье" хэмээн хэлж байна (Матай 11:28). Энэ ертөнц хатуу чанга амьдрал хэцүү шүү дээ. Бид энэ амьдралдаа зовлон амсч, шархдаж, бэрхшээл дундуур явсаар ирсэн. Та санал нэг байна уу?

Та тэгвэл юу хүсэж байна? Амьдралаа зөв гольдиролд оруулмаар байна уу, ямар ч хамаагүй шашин шүтмээр байна уу? Амьд Аврагчийг хүлээн авмаар байна уу эс бөгөөс талийгаач болчихсон “зөнч” нарыг сонгомоор байна уу? Утга учиртай харилцаа хэрэгтэй юу? Эсвэл хоосон зан үйл хэрэгтэй юу? Есүс зүгээр нэг сонголт биш. Тэр бол цорын ганц сонголт мөн!

Хэрэв та уучлалыг эрэлхийлж буй бол Есүс нь зөв “шашин” (Үйлс 10:43). Бурхантай утга учиртай харилцаа тогтоохыг хүсч буй бол Есүс нь зөв “шашин” (Иохан 10:10). Та Мөнхийн улсд мөнхийн орон гэр эрэлхийлж буй бол Есүс нь зөв “шашин” (Иохан 3:16). Та Есүс Христийг өөрийн Аврагч болгосноор хэзээ ч харамсахгүй. Таны гэм нүглийг уучилна гэдэгт итгэгтүн, Тэр таныг хэзээ ч гомдоохгүй.

Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагчаар хүлээн зөвшөөрч, Бурханы уучлалыг авмаар байгаа бол дараах залбирлыг хэлээрэй. Энэ залбирлыг хэлсэнээр ч юм уу эсвэл өөр ямар нэгэн залбирал уншсанаар та аврагдахгүй. Зөвхөн бидний гэмийг уучлах чадалтай Есүс Христэд итгэх итгэл л аварч чадах билээ. Энэхүү залбирал нь Бурханд хандан өөрийнхөө итгэлийг илэрхийлэн уучлалыг өгсөнд нь Түүнд талархах энгийн залбирал юм. “Бурхан минь, би Таны эсрэг гэм нүглийг үйлдэж, үүнийхээ төлөө шийтгүүлбэл зохистой нэгэн билээ. Гэвч Есүс Христ миний авах ёстой шийтгэлийг үүрч, Түүнд өгсөн итгэлээр дамжуулан би уучлалыг авсан билээ. Би гэм нүглээсээ эргэн, бүх итгэлээ Танаас ирэх авралд тавьж байна. Таны өгсөн гайхамшигт нигүүлсэл болон уучлалд тань баярлалаа! Амээн!”

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Надад зориулсан үнэн сургаал байна уу?