Зовлонгийн үетэй холбоотойгоор өргөгдөлт хэзээ тохиолдох вэ?




Асуулт: Зовлонгийн үетэй холбоотойгоор өргөгдөлт хэзээ тохиолдох вэ?

Хариулт:
Өргөгдөлтийн үеийн цаг хугацааг зовлонгийн үетэй хамааруулан тогтоох асуудал нь өнөө үеийн чуулганы хамгийн маргаантай асуудлын нэг болж байна. Гурван үндсэн үзэл байдаг бөгөөд зовлонгийн өмнө (өргөгдөлт зовлонгийн өмнө тохиолдоно), зовлонгийн дунд (өргөгдөлт зовлонгийн дунд хэсэгт юмуу түүнтэй ойролцоо үед болно), зовлонгийн дараа (өргөгдөлт нь зовлонгийн төгсгөлд тохиолдоно) зэрэг юм. Дөрөв дэх үзэл нь уур хилэнгээс өмнө гэж нэрлэгдсэн бөгөөд зовлонгийн дунд гэсэн үзлийг бага зэрэг сайжруулсан зүйл юм.

Нэгдүгээрт, зовлонгийн зорилгыг таньж мэдэх нь их чухал. Даниел 9:27-с харвал дал дахин “долоо” (долоон жилүүд) хараахан ирээгүй байсаар байна. Даниелийн дал дахин долооны бүх эш үзүүлэг (Даниел 9:20-27) нь Израилийн үндэстний талаар ярьж байна. Энэ бол Бурхан Израиль дээр өөрийн онцгой анхаарлыг байлгах үе юм. Дал дахин долоон буюу зовлонгийн үе нь бас Бурханы Израильтай онцгойлон харьцаатай үе байх ёстой болно. Чуулган яг тэр үед бас байж чадахгүй байх гэж үзэх нь хэрэгцээгүй ч үүнтэй холбоотойгоор тухайн үед чуулган яагаад энэ дэлхий дээр байх хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Өргөгдөлтийн талаарх Бичээсийн үндсэн багц ишлэл нь 1 Тесалоник 4:13-18. Бүх амьд итгэгчид үхсэн бүх итгэгчидтэй нийлж агаар мандалд Эзэн Есүстэй уулзах бөгөөд Түүнтэй хамт үүрд мөнхөд байна гэж уг ишлэл дурьддаг. Өргөгдөлт бол Бурхан Өөрийн хүмүүсээ энэ дэлхийгээс авах үйлдэл. Цөөхөн ишлэлийн дараа 1 Тесалоник 5:9-д Паул “Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бус, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм” гэсэн. Үндсэндээ зовлонгийн цаг үеийн тухай асуудлыг бичсэн Илчлэлт ном бол зовлонгийн үеэр Бурханы уур хилэн энэ дэлхийд хэрхэн асгарах тухай эш үзүүлэгийн мэдээ мөн. Бурхан итгэгчдэд уур хилэнгээс нь болж зовохгүй гэж амласан мөртлөө тэднийг энэ дэлхийд орхиж зовлонгийн үеийн уур хилэнгээр зовоох нь хоорондоо зохицохгүй, тохиромжгүй асуудал болно. Бурхан Христитгэгчдийг уур хилэнгээс аврах болно гэж амласан явдал нь энэ дэлхийгээс Өөрийн хүмүүсээ татан авахтай холбогдож болох хоёр үйл явдал мэт харагдана.

Өргөгдөлтийн цаг хугацааны талаарх бас нэг ноцтой багц ишлэл бол Илчлэлт 3:10 бөгөөд газар дээр ирэх үедээ “сорилтын цагаас” итгэгчдийг аврана гэсэн Христийн амлалт юм. Энэ нь хоёр талын утгатай. Христ сорилтын дундах нөхцөл байдалд итгэгчдийг хамгаалах болно, эсвэл сорилтын дундаас итгэгчдийг аврах болно гэсэн үг. Хоёул “аас” гэж орчуулагдсан Грек үгний утганд тохирдог. Гэвч итгэгчдэд амласан зүйл нь тэднийг “хамгаалах болно” гэснийг ойлгох нь маш чухал. Энэ бол зүгээр ч сорилт бус сорилтын “цаг” гэсэн байна. Тэгэхлээр Христ итгэгчдийг тэрхүү цаг үеэс өөрөөр хэлбэл зовлонгийн үеэс хамгаална гэж амалж байна. Зовлонгийн зорилго, өргөгдөлтийн зорилго, 1 Тесалоник 5:9-н утга учир, Илчлэлт 3:10-н тайлбар зэрэг нь бүгд зовлонгийн өмнө гэсэн байр суурийг дэмжиж байгаа нь тодорхой харагдаж байна. Хэрэв Библи бичигдсэн тэрхүү үгээрээ, мөн хоорондоо нийцтэй байдлаар тайлбарлагдвал зовлонгийн өмнө гэсэн үзэл нь хамгийн библид үндэслэсэн тайлбар болж таарах нь байна.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Зовлонгийн үетэй холбоотойгоор өргөгдөлт хэзээ тохиолдох вэ?