settings icon
share icon
Асуулт

Христитгэгч хүн авралаа алдах уу?

Хариулт


Нэгдүгээрт, Христитгэгч (Christian) гэсэн нэр томъёог тодорхойлох ёстой. Христитгэгч гэдэг нь залбирдаг эсвэл сүмд явдаг, эсвэл Христитгэгч гэр бүлд өссөн хүнийг хэлдэггүй. Хэдийгээр эдгээр зүйлс нь Христитгэгчийн амьдралын нэг хэсэг боловч, ингэлээ гээд Христитгэгч болно гэсэн үг биш. Христитгэгч гэдэг нь Есүс Христ бол цорын ганц Аврагч гэдэгт бүрэн итгэж, ингэснээр Ариун Сүнстэй болсон хүнийг хэлдэг (Иохан 3:16; Үйлс 16:31; Ефес 2:8-9).

Тэгэхээр дээрх тодорхойлолтыг үзэхэд Христитгэгч авралаа алдах уу? Энэ бол амин чухал асуулт. Магадгүй хариулж болох хамгийн шилдэг арга зам нь авралыг авах үед юу тохиолддог талаарх Библийн хэлж буй зүйлсийг болоод аврал алдана гэдэг нь юунд хүргэх талаар судалж үзэх байж болох юм:

Христитгэгч бол шинэ бүтээл. “Тиймээс хэрэв хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” (2Коринт 5:17). Христитгэгч бол зүгээр нэг хүнийг “сайжруулсан” хувилбар биш; Христитгэгч нь бүхэлдээ шинэ бүтээл. Тэр “Христ дотор” байдаг. Христитгэгч хүн авралаа алдана гэдэг нь шинэ бүтээл устгагдах хэрэгтэй болно гэсэн үг.

Христитгэгч бол золигдсон. “Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн” (1Петр 1:18-19). Золигдсон гэсэн үг нь худалдан авалт явагдсан, үнэ хөлс нь төлөгдсөн гэсэн үг. Бид Христийн үхлийн үнээр худалдан авагдсан. Христитгэгч хүн авралаа алдана гэдэг нь Бурхан Христийн үнэт цусаар төлж худалдан авсан хүнээ буцаана гэсэн үг болно.

Христитгэгч бол зөвтгөгдсөн. “Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн” (Ром 5:1). Зөвтгөх гэдэг нь зөвт гэдгийг тунхаглах юм. Есүсийг Аврагчаар хүлээж авсан болгон Бурханаар “зөвт гэж тунхаглагдсан” юм. Христитгэгч хүн авралаа алдана гэж үзвэл Бурхан үгнээсээ буцаж, өмнө нь тунхагласнаа “буцаан тунхаглах” болно гэсэн үг. Ял буруутгал нь устгагдсан хүмүүс дахин шүүгдэж буруутай болно. Бурхан тэнгэрийн суудлаасаа зарласан тунхаглалаа буцаах хэрэгтэй болно.

Христитгэгч бол мөнх амьдралын амлалт авсан. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” (Иохан 3:16). Мөнх амьдрал гэдэг нь Бурхантай хамт тэнгэрийн улсад үүрд мөнхийг туулах амлалт. Бурхан “Итгэ тэгээд чи мөнх амьтай болох болно” гэж амласан. Христитгэгч хүн авралаа алдана гэвэл, мөнх амьдрал дахин тодорхойлогдох хэрэгтэй болно. Христитгэгч хүн үүрд амьдрахаар амлагдсан. Мөнх гэдэг нь “мөнх” гэсэн утгатай биш үү?

Христитгэгч бол Бурханаар тэмдэглэгдэж бас Сүнсээр тамгалагдсан. “Түүн дор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайнмэдээг сонссон бөгөөд Түүнд итгэсэн мөн амласан Ариун Сүнсээр тамгалагдсан. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд юм” (Ефес 1:13-14). Итгэх хоромд шинэ Христитгэгч нь тэмдэглэгдэж, тэнгэрийн өвийг авах баталгаа гэж урьдчилгаа болгон өгөгдсөн Сүнсээр тамгалагддаг. Эцсийн үр дүн бол Бурханы алдар магтагдана. Христитгэгч нь авралаа алдана гэж үзвэл, Бурхан тэмдэглэгээгээ арилгаж, Сүнсийг холдуулж, урьдчилгааг болиулан, Өөрийн амлалтаа зөрчиж, баталгаагаа цуцлан, өвөө буцааж аван, магтаалаас татгалзаж, мөн Өөрийн алдраа багасгана.

Христитгэгч бол алдаршуулалтанд баталгаатай. “Тэр урьдаас тогтооснуудаа мөн дуудсан, дуудсануудаа мөн зөвтгөсөн, зөвтгөснүүдээ мөн Тэр алдаршуулсан” (Ром 8:30) Ром 5:1 ишлэлд хэлсний дагуу бол итгэх хоромд зөвтгөл нь биднийх болсон. Ром 8:30 ишлэлийн дагуу бол алдаршуулалт нь зөвтгөлтэй хамт ирдэг. Бурханы зөвтгөсөн бүхэн алдаршуулагдах болно гэж амласан. Энэ амлалт нь Христитгэгчид тэнгэрийн улсад өөрсдийн төгс бас амилсан биесээ хүлээн авах үед бүрэн биелэгдэх болно. Хэрвээ Христитгэгч нь авралаа алдах бол Ром 8:30 ишлэл алдаатай болно, яагаад гэвэл Бурхан Өөрийн урьдаас тогтоосон, дуудсан, зөвтгөсөн хүмүүсдээ алдаршуулалтыг нь баталгаажуулж чадахгүй юм.

Христитгэгч нь авралаа алдаж чадахгүй. Хэрэв аврал алдагдах боломжтой юм бол Библийн хэлж буй бид Христийг хүлээж авах үед бидэнд тохиолдсон бүх зүйлс бүхэлдээ биш гэхэд ихэнх нь хүчинтэй байж чадахгүй болно. Аврал бол Бурханы бэлэг бөгөөд Бурханы бэлгүүд нь “буцалтгүй” (Ром 11:29). Христитгэгчийн шинээр бүтээгдсэн нь буцаагдах боломжгүй. Золигдсон нь худалдан авалтаа буцаах боломжгүй. Мөнх амьдрал нь түр зуур байж чадахгүй. Бурхан Өөрийн үгнээсээ буцах боломжгүй. Бичвэрт Бурхан худал хэлж чадахгүй гэдэг(Тит 1:2).

Дээрх туршлагын асуудалтай холбоотойгоор Христитгэгч нь авралаа алдах боломжгүй гэж итгэхэд эргэлзэх хоёр нийтлэг эсэргүүцэл бий: 1) Гэмтэй, мөн гэмшилгүй амьдралын хэв маягтай Христитгэгч тэгвэл яах вэ? 2) Өөрийн итгэлээ хаяж, Христийг үгүйсгэсэн Христитгэгчдийн тухайд яах вэ? Энэ хоёр асуулт гарч ирж буй таамаг нь ерөнхийдөө өөрсдийгөө Христитгэгчид гэж дууддаг хүн бүр дахин төрсөн гэсэн төсөөллөөс үүдэлтэй. Жинхэнэ Христитгэгч нь үргэлжлүүлсэн, мөн гэмшилгүй гэмт амьдралаар амьдардаггүй гэж Библи хэлдэг (1Иохан 3:6). Итгэлээсээ холдон салж буй нь тэрээр анхнаасаа жинхэнэ итгэгч хэзээ ч байгаагүйг харуулж байна гэж Библи мөн хэлдэг (1Иохан 2:19). Тэрээр шашинлаг байж болно, эсвэл маш сайн шоу харуулж байж болох боловч тэрээр хэзээ ч Бурханы хүчээр дахин төрөөгүй байна. “Та нар тэднийг үр жимсээр нь танина” (Матай 7:16). Бурханы зольсон хүмүүс “...Бурханы төлөө ... үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдсон юм” (Ром 7:4).

Юу ч Бурханы хүүхдийг Эцэгийн хайраас нь салгаж чадахгүй (Ром 8:38-39). Юу ч Христитгэгчийг Бурханы гараас тавиулж чадахгүй (Иохан 10:28-29). Бурхан мөнх амьдралыг баталгаажуулж, бидэнд өгсөн авралаа хадгалдаг. Сайн хоньчин алдагдсан хонио хайдаг ба “тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн гэртээ ...” (Лук 15:5-6) ирдэг. Хурга олдож, Хоньчин баяртайгаар ачааг үүрдэг; бидний Эзэн алдагдсан нэгнийг гэрт аюулгүйгээр авчрах бүрэн хариуцлагыг Өөртөө авдаг.

Цаашилбал Иуда 24-25 хэсэг нь бидний Аврагчийн сайн болоод итгэмжит байдлыг ийнхүү тодорхойлдог: “Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд, бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, сүр хүч, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.”

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христитгэгч хүн авралаа алдах уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries