Ариун Сүнсний баптисм гэж юу вэ?




Асуулт: Ариун Сүнсний баптисм гэж юу вэ?

Хариулт:
Ариун Сүнсний баптисм гэдэг нь аврал авах хоромд Бурханы Сүнс итгэгчдийг Христтэй болон бусад итгэгчидтэй Христийн бие дотор нэгдмэл байдалтай болгодог ажил гэж тодорхойлж болох юм. Нэгдүгээр Коринт 12:12-13 нь Ариун Сүнсний баптисмтай холбоотой Библи дэх хамгийн чухал ишлэл юм: “Учир нь иудейчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн бөгөөд нэг Сүнсийг уусан юм” (1 Коринт 12:13). Хэдийгээр Ром 6:1-4 дээр Бурханы сүнсний тухай онцгойлон өгүүлдэггүй боловч Бурханы өмнөх итгэгчдийн байр суурийг 1 Коринтод бичсэн байдалтай адил үгээр дүрсэлсэн байдаг. Үүнд: “Тэгвэл бид юу гэж хэлэх вэ? Нигүүлсэл нь ихсэхийн тулд бид нүгэл дотор байсаар байх уу? Бүү ийм байх болтугай! Нүгэлд үхсэн бид, цаашид түүн дотроо хэрхэн амьдрах вэ? Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм.”

Сүнсний баптисмын талаарх бидний ойлголтыг илүү гүнзгийрүүлэхэд туслах зайлшгүй хэрэгцээтэй хэд хэдэн баримтуудыг танилцуулж байна. Хамгийн түрүүнд 1 Коринт 12:13-д бүгдээрээ нэг Сүнсийг уусантай (Сүнсний бодит оршилт) яг л адил бүгд баптисм хүртсэн гэж маш тодорхой хэлсэн байна. Хоёрдугаарт, Бичээсийн хаана ч гэсэн итгэгчид Сүнсээр юмуу Сүнснээс баптисм хүртэх ёстой, эсвэл Аруин Сүнсний баптисмыг эрж хайх хэрэгтэй гэсэн байдлаар бичигдээгүй. Энэ нь бүх итгэгчдэд ийм мэдрэмжийг авсан байх хэрэгтэй гэдгийг заадаг. Гуравдугаарт, Ефес 4:5 Сүнсний баптисмыг тодорхойлж байгаа мэт харагддаг. Хэрвээ энэ нь үнэн гэж үзвэл Сүнсний баптисм нь яг л “нэг итгэл” мөн “нэг Эцэг”-тэй байдаг шиг итгэгч бүхэнд бодит байдлаар өгөгдөнө гэж үзэж болно.

Дүгнэн хэлбэл Ариун Сүнсний баптисм нь хоёр зүйлсийг тодорхой болгодог. 1) Энэ нь биднийг Христийн биетэй нэгтгэдэг ба 2) Христтэй хамт цовдлогдсон гэдгийг бодитой болгодог. Түүний биеийн нэг хэсэг байна гэдэг нь бид Түүнтэй хамт шинэ амьдрал руу амилсан гэсэн утгатай (Ром 6:4). Түүний дараа бид 1 Коринт 12:13-н хам сэдэвт дурьдагдсаны дагуу энэ биеийг эрүүл зөв үйл ажиллагаа явуулахад хүргэх сүнслэг бэлгүүдээ ашиглах хэрэгтэй. Ефес 4:5-р ишлэлийн хам сэдэвтэй адил нэг Сүнсний баптисмыг амсах нь чуулганы нэгдмэл байдлыг хадгалах үндэс болно. Сүнсний баптисмаар дамжуулан Христийн үхэл, оршуулалт, дахин амилалттай нь нэгдмэл байдалтай болох нь гэмийн хүч чадлаас биднийг салгах, шинэ амьдрал дотор алхах үндэс суурийг тавьдаг байна (Ром 6:1-10; Колоссай 2:12).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Ариун Сүнсний баптисм гэж юу вэ?