Атейзм гэж юу вэ?




Асуулт: Атейзм гэж юу вэ?

Хариулт:
Атейзм нь Бурхан оршин байдаггүй гэх үзэл. Атейзмийг шинээр хөгжүүлэн гаргасан зүйл биш. МЭӨ 1000-аад оны үед Давид Дуулал 14:1-т атейзмийн тухай “Мунхаг хүн зүрхэндээ Бурхан байдаггүй гэсэн” гэж дурьдсан. Сүүлийн үед гарсан статистикийн мэдээллийг харвал өөрсдийгөө атейст үзэлтэй гэж тооцсон хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдэж дэлхийн хүн амын 10 гаруй хувьд нь хүрч байна. Тэгэхээр яагаад олон хүмүүс атейст үзэлд татагдаж байна вэ? Атейзм гэдэг тэдгээр хүмүүсийн бодоод байгаа шиг жинхэнэ логик үзэл баримтлал уу?

Яагаад атейзм оршин байна вэ? Бурхан яагаад Өөрийн оршин байгааг батлах гэж хүмүүст Өөрийгөө харуулчихгүй байгаа юм бол? Үнэхээр Бурхан зүгээр л Өөрийг харуулчих юм бол бүх хүн Түүнд итгэх юм биш үү! Чухал асуудал нь энд байна. Өөрийн оршин байгаагаа хүмүүст ятган үнэмшүүлэх нь л Бурханы хүсч байгаа зүйл биш. Хүмүүс өөрсдийн итгэлээр Түүнд хандаж (2 Петр 3:9), Түүний авралын бэлгийг итгэлээрээ хүлээн авах (Иохан 3:16) нь Бурханы хүсэл мэт харагддаг. Бурхан Хуучин гэрээнд олон удаа Өөрийн оршин байгааг тодорхой харуулсан (Эхлэл 6-9; Eгипетээс гарсан нь 14:21-22; 1 Хаад 18:19-31). Хүмүүс Бурханы оршин байгаад итгэсэн үү? Тийм. Тэд өөрсдийн бузар үйлдлүүдээсээ эргэж Бурханд дуулгавартай хандсан уу? Үгүй. Хэрвээ хүн Бурханы оршин байгааг итгэлээрээ хүлээн авахыг хүсэхгүй байгаа бол тэрээр Есүс Христийг Аврагчаа гэдгийг итгэлээр хүлээн авахад бэлэн биш нь тодорхой (Eфес 2:8-9). Бурхан хүмүүсийг зүгээр л нэг тейст (Бурхан байдаг гэх үзэл) үзэлтэй бус, харин Христэч үзэлтэй байгаасай гэж хүсдэг.

Бурханы оршин байгааг бид итгэлээрээ хүлээн зөвшөөрөх ёстой гэж Библи хэлдэг. Еврей 11:6-д “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой” гэж тунхагласан. Хэрвээ бид итгэлээрээ Бурханд итгэж, Түүнд итгэл найдвараа тавих юм бол ерөөгдсөн хүмүүс байх болно гэж Библи бидэнд сануулдаг. “Есүс түүнд –Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэжээ” (Иохан 20:29).

Бурханы оршин байгааг итгэлээр хүлээн зөвшөөрөх ёстой. Гэвч энэ нь Бурханд итгэх итгэл ямар ч уялдаа логикгүй, утга учиргүй зүйл гэсэн үг биш. Бурханы оршин байгаа талаар маш сайн нотолгоо олон бий. Бурханы оршин байгаа нь дэлхий ертөнц (Дуулал 19:1-4), байгаль (Ром 1:18-22), болон хүний зүрх сэтгэлээс (Номлогчын үгс 3:11) тодорхой харагддаг гэж Библи заадаг. Энэ бүхний төгсгөлд дүгнэн хэлэхэд Бурхан оршин байгаа нь батлагдаж чадахгүй, харин итгэлээр хүлээн зөвшөөрөх ёстой юм.

Нэмж хэлэхэд Бурханд итгэх нь яг л атейзмд итгэхтэй адил хэмжээний итгэл шаардагддаг. “Бурхан ер оршин байхгүй” гэдэг абсолют үнэнийг тунхаглахын тулд энэ орчлон ертөнцийн харж болох бүхнийг харж, хаа сайгүй хэрэн явж, мэдэж болох энэ дэлхийн бүх зүйлийг бүрэн мэдэж байж маш тодорхой нотолгоотойгоор хэлж болно. Мэдээж хэрэг ямар ч атейст үзэлтэй хүн ингэж зориглон тунхаглах боломжгүй. Гэвч Бурхан ерөөсөө оршин байдаггүй гэж тэд ярихдаа энэ талаар бодож үзэх нь чухал. Жишээлбэл атейст үзэлтэй хүмүүс Бурхан нарны төвд ч юмуу, Бархасвадь гарагын үүлний дор ч юмуу, алс холын небулад оршин байхгүй гэж баталж чадахгүй. Нэгэнтээ эдгээр газрууд нь бидний мэдэж, ажиглаж чадахаас хэтэрсэн учир Бурхан оршин байхгүй гэж батлах боломжгүй юм. Атейст үзэлтэй байх нь тейст үзэлтэй байхтай л адил их хэмжээний итгэл шаардагдана.

Атейст үзэл нь батлагдаж чадахгүй бөгөөд Бурханы оршин байгааг итгэлээр хүлээн зөвшөөрөх ёстой. Харин Христэд итгэгчид Бурхан оршин байгаа гэдэгт хатуу итгэдэг бөгөөд Бурханы оршин байгаа нь итгэлтэй холбоотой хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг нь тодорхой. Үүний хажуугаар бид Бурханд итгэх итгэл нь логикгүй, утга учиргүй гэдэг санааг эсэргүүцдэг. Бид бас Бурханы оршихуй нь маш тодорхой харагдаж, гүнзгий мэдрэгдэж, шинжлэх ухааны болон философийн шаардлагаар баталгаажих боломжтой гэж итгэдэг. “Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг. Хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй. Дуу хоолой нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ” (Дуулал 19:1-4).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Атейзм гэж юу вэ?