Харь гараг, харь гарагийн хөлөг гэх зүйлс ер үнэн үү?




Асуулт: Харь гараг, харь гарагийн хөлөг гэх зүйлс ер үнэн үү?

Хариулт:
Эхлээд “харь гарагийнхан” гэдэг нэр томъёог “ёс суртахууны сонголт хийх чадвартай, оюун ухаантай, сэтгэл хөдлөлтэй, хүсэлтэй” оршигч гэж тодорхойлцгооё. Үүний дараа, мөн цөөн тооны шинжлэх ухаанч баримтуудыг ажиглая:

1. Бид өөрсдийн нарны систем доторх бараг бүх гараг рүү сансарын хөлөг нисгэж үзсэн. Эдгээр гарагуудыг ажигласны дараа Марс болон Бархасвадь гарагын сар л амьдралыг дэмжих чадвартай байж болохоос өөр бүх газар юу ч байхгүй гэж хүлээн зөвшөөрсөн.

2. 1976 онд АНУ Марс руу хоёр газардагч машиныг илгээсэн. Тус бүр нь Марсын элс рүү өрөмдөж, амьдралын ямар нэг хэв маяг байгаа эсэхийг шинжилж чадсан. Тэд юу ч олоогүй. Үүнтэй харьцуулах юм бол хэрвээ та дэлхий дээрх хамгийн хатсан цөл болон Антарктикийн хамгийн хөлдүү хэсгийн хөрсийг шинжилж үзэх юм бол бужигнасан олон микро-организмуудыг олж харж чадна. 1997 онд АНУ Марсын гадаргуу руу ахин Патфайндерийг илгээсэн. Энэ багаж илүү олон сорьц авч, илүү их туршилт явуулсан. Гэвч дахиад амьдралын ямар ч тэмдэг олоогүй. Тэр цагаас хойш Марс руу хэд хэдэн нислэг хийж, шинжилсэн ч үр дүн нь хэвээрээ л байсаар байна.

3. Одон орончид холын нарны системүүдэд шинэ оддыг байнга л олж илрүүлсээр байна. Зарим хүмүүс энэ их олон од гарагууд байхад орчлон ертөнцийн хаа нэгтээ аль нэг гараг дээр нь амьдрал байх ёстой гэж таамагладаг. Гэвч үнэндээ эдгээрийн алыг нь ч амьдралыг тэтгэн дэмжиж чадах гараг байна, эсвэл байж чадна гэсэн тодорхой баталгаа өгч чадахгүй. Дэлхий болон тэдгээр гарагуудын хоорондох ер бусын хол зай нь тэднийг амьдралыг тэтгэн дэмжих боломжтой гэж ямар нэг байдлаар зарлахад бэрхшээлтэй болгодог. Нарны системд манай Дэлхий л ганцаараа амьдралыг дэмжин тэтгэж чадна гэдгийг мэдсэн эволюцийн эрдэмтэд өөр амьдралыг тэтгэчих боломжтой, эволюцидээ явж буй бас нэг нарны систем дэх өөр гараг олох гэж байдгаараа хичээцгээдэг.

Тэгэхээр, Библи энэ талаар юу гэж хэлдэг вэ? Энэ дэлхий болоод хүн төрөлхтөн Бурханы бүтээлийн хувьд маш онцлог. Эхлэл 1 бүлэгт Бурхан нар, сар болон бусад гарагуудыг бүтээхээсээ өмнө дэлхийг бүтээсэн гэж заадаг. Үйлс 17:24, 26 “Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар боссон сүмд оршдоггүй юм… Бурхан газрын цээжээр амьдрахаар нэгнээс хүмүүн төрөлхтөний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон” гэж дурьдсан.

Анхандаа хүн төрөлхтөн гэмгүй байсан бөгөөд энэ дэлхий дэх бүх зүйлс “маш сайн” байсан (Эхлэл 1:31). Анхны хүн гэм нүгэл үйлдэхэд (Эхлэл 3) үр дүн нь өвчин, үхэл гэх мэт янз бүрийн асуудлуудыг бий болгосон. Хэдийгээр амьтад(тэд ёс суртахуунтай оршигч биш) ч Бурханы өмнө хувьчилсан алдаа зөрчил буруу байхгүй боловч тэд бас зовлон амсаж, үхдэг (Ром 8:19-22). Бидний гэм нүглийнхээ төлөө авах ёстой байсан шийтгэлийг арилгахын тулд Есүс Христ үхсэн. Тэрээр дахин ирэх үедээ Адамаас хойш оршин байсаар байгаа хараалыг хүчингүй болгоно (Илчлэлт 21–22). Ром 8:19-22 бүхий л бүтээл энэ цагийг хүлээж байгаа гэж дурьдсаныг санах хэрэгтэй. Христ хүн төрөлхтөний төлөө үхэхээр ирсэн бөгөөд Тэр зөвхөн нэг л удаагийнх гэдгийг санах нь бас чухал (Еврей 7:27; 9:26-28; 10:10).

Хэрвээ бүхий л бүтээл одоо хараалын дор зовж байгаа бол энэ дэлхийгээс гадна ямар нэг амьдрал байвал бас л зовж таарна. Энэ маргааны төлөө хэрэв өөр гараг дээр ёс суртахуунтай оршигч байдаг гэж үзэх юм бол тэд мөн зовлон эдэлж буй, үгүй бол тэд тэнгэр нүргэлж, аливаа бодисууд галд шатаагдан, бүх юмс нүргэлээд өнгөрөхөд зовлон эдлэх нь гарцаагүй (2 Петр 3:10). Хэрвээ тэд гэм нүгэл хэзээ ч үйлдээгүй бол Бурхан ингэж шийтгэснээрээ шударга бус болох юм. Харин хэрэв тэд гэм нүгэл үйлдсэн бол Христ зөвхөн нэг удаа л үхсэн (Тэр үүнийгээ дэлхий дээр гүйцэтгэсэн), тиймээс тэд гэм нүгэлтэйгээ үлдэж, бас л Бурхан тэднийг шийтгэвэл Өөрийнх нь зан чанарынх нь эсрэг зүйл болж хувирна (2 Петр 3:9). Энэ нь бидэнд шийдвэрлэж чадахгүй парадокс, мухардлыг үлдээж байгаа. Гэвч мэдээж хэрэг дэлхийгээс гадна өөр газар ямар нэг ёс суртахуунтай оршигч байхгүй бол хамаагүй болно.

Хэрэв бусад гарагууд дээр ямар нэг ёс суртахуунгүй, ямар ч ухамсаргүй амьдралын хэлбэр байвал яах вэ? Замаг эсвэл бүр нохой, муур ямар нэг мэдэгдэхгүй гараг дээр байвал яах вэ? Тэглээ гэж таамаглахад энэ нь библийн ямар нэг текстэнд нөлөө байхгүй болно. Гэхдээ “нэгэнтээ бүхий л бүтээлүүд зовлон эдэлж байхад Бурхан яахаараа ямар ч ёс суртахуунгүй, ухамсаргүй бүтээлүүдийг алс холын гараг дээр зовохоор бүтээсэн байх вэ?” гэдэг бэрхшээлтэй асуултанд хариулт өгөх шаардлага гарч ирнэ.

Дүгнэн хэлбэл энэ орчлон ертөнцийн хаа нэгтээ амьдрал байгаа гэж итгэх ямар ч шалтгааныг Библи бидэнд өгөөгүй. Мөн Библи яагаад байж болохгүй вэ гэдэгтэй холбоотой хэд хэдэн түлхүүр шалтгааныг дурьдсан. Мэдээж хэрэг маш олон ер бусын хачин, тайлбарлагдаж чадахгүй зүйлс байсаар байна. Үүнийг заавал харь гараг ч юмуу харь гарагын хөлөг гэж тайлбарлах гэсэн хандлагатай, шалтгаантай байх нь утгагүй. Эдгээр үйл явлуудыг бий болгож байгаа шалтгааныг ялган салгаж ойлгохдоо заримдаа сүнслэг эх сурвалж, бүр тодорхой хэлбэл муу сүнсний хийж буй ажил ч байж болох юм гэж таамаглаж болно.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Харь гараг, харь гарагийн хөлөг гэх зүйлс ер үнэн үү?