Туйлын абсолют үнэн юмуу эсвэл жинхэнэ үнэн гэх зүйл ер нь байх уу?




Асуулт: Туйлын абсолют үнэн юмуу эсвэл жинхэнэ үнэн гэх зүйл ер нь байх уу?

Хариулт:
Туйлын эсвэл жинхэнэ үнэнийг ойлгохын тулд бид үнэн гэдэг юу вэ гэдгийг эхэлж тодорхойлох ёстой. Толь бичгээс харвал үнэн гэдгийг “баримтыг баталгаажуулалт эсвэл бодит байдал; батлагдсан юмуу үнэн нь хүлээн зөвшөөрөгдсөн тунхаглал” гэсэн байна. Зарим хүмүүс жинхэнэ абсолют гэж байхгүй, зөвхөн төсөөлөл эсвэл санаа л гэж байна гэдэг. Бусад нь ямар нэг туйлын үнэн эсвэл бодит байдал гэж байх ёстой гэж маргадаг.

Бодит байдлыг бий болгож чадах жинхэнэ абсолют гэж байхгүй гэх үзэл их өргөн тархсан. Энэ үзлийг баримталдаг хүмүүс бүх юмс ямар нэг зүйлсийн харилцан хамаарал дунд оршдог болохоор тодорхой бодитой тусгаар зүйл гэж байж чадахгүй гэж итгэдэг. Түүнээсээ шалтгаалан туйлын абсолют, жинхэнэ ёс суртахууны үнэн гэж байхгүй болохоор ямар нэг үйлдэл эерэг эсвэл сөрөг, зөв эсвэл буруу гэж шийдвэрлэгдэх эрх мэдэл байж таарахгүй гэж үздэг. Энэ цаашлаад “нөхцөл байдлийн ёс зүй” буюу зөв юмуу буруу нь тухайн нөхцөл байдлаасаа хамааралтай болж шийдэгдэнэ гэсэн итгэл рүү хөтөлдөг. Зөв эсвэл буруу гэж байхгүй, тийм болохоор тухайн цаг үеэсээ хамаарч юу нь зөв гэж санагдах юмуу мэдрэгдэж байна, тэр нь л зөв гэдэг. Мэдээж хэрэг нөхцөл байдлын ёс зүй нь “юу сайн гэж мэдрэгдэж байна түүнийгээ хийнэ” гэсэн үзэл санаа, амьдралын хэв маяг бүхий хүнээс хамааралтай нөхцлийг бий болгосноор нийгэмд болон хувь хүмүүст аймшигтай үр нөлөөг авчирна. Бүхий л үнэлэмж, итгэл, амьдралын хэв маяг, зарчим нь бүгдээрээ адил эрх мэдэлтэй, үнэн байх нийгмийг байгуулж буй постмодернизм үзэл нь энэ юм.

Үүний эсрэг юу нь зөв юу нь буруу болохыг тогтоож байдаг туйлын абсолют, стандарт хэмжүүр гэж үнэн хэрэгтээ байдаг гэсэн үзэл баримтлалтай хүмүүс бий. Тийм болохоор ямар нэг үйлдлийн зөв юмуу эсвэл буруу байгааг тогтоохдоо энэхүү абсолют туйлын стандартаар хэмжиж байж тодорхойлох боломжтой гэдэг. Хэрвээ туйлын абсолют болон жинхэнэ бодит байдлын зарчим гэж байхгүй бол замбараагүй байдал газар авна. Үүнийг харуулахаар таталцлын хуулийг жишээ болгон авч болох юм. Хэрвээ таталцлын хууль нь туйлын абсолют биш бол бид шийдвэр гарган хөдлөх хүртлээ нэг газарт суух юмуу эсвэл зогсож чадна гэдэг нь тодорхойгүй. Мөн хоёр дээр нэмэх нь хоёр гэдэг байнга л дөрөв байх ёстой гэсэн тогтмол зарчимгүй байсан бол соёл иргэншилд өгөх үр дүн нь аймшигтай. Шинжлэх ухаан болон физикийн хуулиуд ач холбогдолгүй байж болох ч худалдааны хувьд бол ёстой боломжгүй болно. Ямар аймшигтай зүйл тохиолдох бол! Аз болоход хоёр дээр хоёрыг нэмэх нь дөрөв байсаар байна. Абсолют үнэн байж, тэр нь ойлгогдох, ухаарах хэмжээнд тогтсон байна.

Бас абсолют үнэн байхгүй гэж зарлан тунхаглах нь логик бус үйлдэл болно. Гэсэн ч өнөөдөр олон хүмүүс ямар нэг төрлийн абсолют үнэн гэж байхгүй хэмээн үгүйсгэдэг соёлын харилцан хамаарлыг шууд хүлээн зөвшөөрч байна. “Абсолют үнэн гэж байхгүй” гэж хэлж байгаа хүмүүсээс асуух боломжтой нэг сайхан асуулт байгаа. Энэ бол “та үүндээ үнэхээр абсолют итгэлтэй байна уу?” гэх юм. Тэд “тийм” гэж хариулбал өөрсдөө абсолют нотолгоо гаргаж байгаа бөгөөд ингэснээрээ туйлын зүйл оршин байгааг ухамсаргүй баталчихдаг. Ямар нэгэн абсолют үнэн гэж ер байхгүй гэсэн нотолгоогоороо цор ганц абсолют үнэн бий гэсэн тодорхой баталгааг хэлчихэж байна.

Өөртэйгөө зөрчилдөж буй энэ асуудлын хажуугаар туйлын абсолют үнэн байхгүй гэж итгэх явдлыг даван туулахын тулд өөр хэд хэдэн логик асуудалтай тулгарах ёстой. Эхнийх нь бүх хүн төрөлхтөн хязгаарлагдмал мэдлэг болон хязгаартай оюун санаатай учир логикийн хувьд абсолют сөрөг нотолгоо гаргаж чадахгүй. Хэн нэгэн логикийн дагуу “Бурхан гэж ер байхгүй” (хэдийгээр олон хүн ингэж хэлдэг ч) гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл ийм хангалттай нотолгоо гаргахын тулд тэрээр орчлон ертөнцийн эхлэлээс эцэс хүртэлх бүхий абсолют мэдлэгийг эзэмших хэрэгтэй болно. Нэгэнтээ энэ нь боломжгүй учраас дийлэнх хүмүүс нь логикийн дагуу “Надад байгаа хязгаарлагдмал мэдлэгийнхээ дагуу Бурхан байгаа гэж итгэхгүй” гэж хэлэх ёстой.

Абсолют үнэнийг эсэргүүцэж буйг үгүйсгэх бас нэг асуудал бол бидний өөрсдийн ой ухаанд үнэн гэж мэдэгдэж буй, бидний өөрсдийн туршлагаар үнэн гэж мэдэж байгаагаараа, болон бидний энэ дэлхийг бодитоор харж байгаагаараа амьдарч чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл абсолют үнэн гэдэг зүйл ерөөсөө байхгүй бол ямар нэг зүйлийн талаарх туйлын үнэн эсвэл буруу гэж ер байхгүй болно. Таны хувьд “зөв” байж магадгүй гэж санагдаж буй зүйл надад бол “зөв” байж чадахгүй. Зөвхөн нийгмийн асуудлуудын гадна илрэх хэлбэр дээр харилцан хамааралтай байдал хэрэгжих боломжтой мэт харагдаж байгаа ч жинхэнэ утгаараа бол хүн болгон амьдрах өөрийн гэсэн дүрмээ зохиож, өөрийн зөв гэж бодож буйгаараа амьдарна гэсэн үг. Гарцаагүй нэг хүний зөв гэж бодож буй мэдрэмж өөр хүнийхтэй зөрчилдөнө. Хэрвээ миний хувьд “зөв” гэж бодож буй зүйл нь гэрлэн дохио “улаан” байсан ч хамаагүй давхина гэж үзвэл яах вэ? Би олон хүний амийг эрсдэлд тавих болно. Эсвэл би таны юмыг хулгайлах нь “зөв” гэж бодож байгаа бол та үүнийг “буруу” гэж бодож болох юм. Бидний зөв буруугийн хэмжүүр яах аргагүй зөрчилдөнө. Хэрвээ абсолют үнэн гэж байхгүй бол бидний амьдралын хариуцлага, шалгуур болох зөв буруугийн хэмжүүр ч гэж байхгүй бөгөөд бид юунд ч бүрэн итгэлтэй байж чадахгүй. Хүмүүс өөрсдийнхөө юу хүссэнээ ялангуяа аллага, хүчин, хулгай, худал, хууралт гэх зэргийг хийх эрх чөлөөтэй болно. Тэнд засгийн газар, хууль, шударга ёс ч байхгүй байх бөгөөд хүмүүсийн дийлэнх нь шийдвэр гаргаж, цөөнхийг хэмжүүрийн дагуу захирах талаар хэн нэгэн ярих ч боломжгүй болно. Туйлын абсолют үнэн байхгүй дэлхий нь хамгийн аймшигтай төсөөлж болох дэлхий болж мэднэ.

Итгэлийн өнцгөөс нь харах юм бол энэхүү харилцан хамаарлын хэлбэр нь шашны төөрөгдөлд хүргэх бөгөөд аль нь ч жинхэнэ шашин биш болохоор Бурхантай зөв харилцааг тогтоох ямар ч арга зам байхгүй гэх үр дагаварт хүрнэ. Нэгэнтээ бүх шашин үхлийн дараах амьдралын талаар абсолют тунхаглал тавьдаг учраас бүгд л хуурамч болж хувирна. Өнөөдөр бие биенийхээ эсрэг баттай зогсож буй шашнуудад итгэх, хэдийгээр аль аль нь туйлын эсрэг “үнэнийг” заах юмуу эсвэл өөрсдийгөө тэнгэрийн улсад хүрэх цор ганц арга зам гэж зарлаж буй зөрчилдсөн “абсолютыг” хоёулаа адилхан “үнэн” гэж хэн нэгэн хүн хоёуланд нь итгэхийг байж боломжгүй зүйл гэх байх. Абсолют үнэнд итгэхгүй гэдэг хүмүүс эдгээр зарчмыг үл тоомсорлож бүх шашин адилхан зүйлсийг зааж байгаа бөгөөд бүх шашин тэнгэрийн улсад аваачина гэх харилцан хүлцэнгүй юниверсализмыг таатай хүлээж авч байна. Энэхүү холигдмол ертөнцийг үзэх үзлийг хүлээн авсан хүмүүс эвангелийн Христитгэлийн үзэл болох Есүс бол цор ганц “зам, үнэн, амь” бөгөөд Тэрээр ганцаараа тэнгэрийн улсад хүргэх зам, үнэний туйлын илэрхийлэл (Иохан 14:6) гэх итгэлийг улайран эсэргүүцдэг.

Шашны хүлцэнгүй байдал нь постмодернизм нийгмийн хамгийн эрхэмлэх сайн үйлс болдог учраас нэг абсолют үнэн болон үл хүлцэх хорон муухай үзэлд тооцогдоно. Ямар нэг ягшмал итгэл, ялангуяа абсолют үнэнд итгэх итгэл нь үл хүлцэх байдал буюу жинхэнэ гэм нүглийн үүд гэж үзэгддэг. Абсолют үнэнийг үгүйсгэж буй хүмүүсийн байнга хэлдэг зүйл нь нэгэнтээ чи өөрийн итгэлээ бусдад тулгах гэж оролдоогүй л бол юу хүссэндээ итгэх нь хамаагүй хэрэг гэдэг. Гэвч энэ үзэл нь өөрөө юу зөв, юу бурууг илэрхийлж байгаа итгэл бөгөөд эдгээр үзлийг баримталж буй хүмүүс үүнийгээ бусдад тулгах санаатай л байдаг. Тэд зан хандлагын хэмжүүрийг бий болгож, бусдыг дагахыг шахаж буй бөгөөд ингэснээрээ өөрсдийн баримталж буй жинхэнэ зарчмаа зөрчин, өөрсдийнх нь үзэл зөрчилдөхөд хүрдгэдэг. Иймэрхүү үзлийг баримтлахыг хүсч буй хүмүүс бол зүгээр л өөрсдийнхөө үйлдэлд хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа хүмүүс. Хэрвээ абсолют үнэн гэж байдаг бол юу зөв буруу болох талаарх абсолют стандарт хэмжүүр байж таарах бөгөөд тэдгээр хэмжүүрээр тэдэнд хариуцлага тохоогдоно. Тиймээс тэдний абсолют үнэнийг үгүйсгэж байгаа шалтгаан нь үнэндээ энэхүү хариуцлагаа л үгүйсгэж байгаа хэрэг юм.

Абсолют үнэний үгүйсгэл болон үүнээс гарч ирж буй соёлын харилцан хамаарал нь эволюцийн онолоор амьдралыг тайлбарласаны улмаас үүсэн гарсан нийгмийн логик үр дагавар юм. Хэрэв байгалийн шалгарал эволюц үнэн бол амьдрал ямар ч утгагүй, ямар ч зорилгогүй болж туйлын зөв эсвэл буруу гэх зүйл оршин тогтнож чадахгүй. Тэгвэл хүн юу тааламжтайгаа үйлдэн амьдрах чөлөөтэй бөгөөд өөрийн ямар ч үйлдлийн талаар хариуцлага хүлээх шаардлагагүй. Хэдийгээр гэмт хүн Бурханы оршин байгаа болон абсолют үнэнийг хичнээн үгүйсгэж эсэргүүцсэн ч нэг л өдөр Түүний өмнө шүүгдэхээр зогсох болно. Библи ингэж тунхаглаж байна. “Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа” (Ром 1:19-22).

Абсолют үнэн оршин байгаа гэсэн ямар нэг баталгаа байна уу? Тийм. Нэгдүгээрт, хүний ой ухаанд ямар нэг “юм” байж, тэрээр энэ дэлхийд тодорхой зам байх хэрэгтэй бөгөөд зарим зүйлс нь зөв, зарим зүйлс нь буруу гэж дотроос ятган хэлдэг. Үүнийг мөс чанар гэж үзвэл энэ нь зовлон, өлсгөлөн, хүчирхийлэл, гашуудал, муу муухай зүйлийг ямар нэг байдлаар буруу зүйл гэж бидэнд ятгаж, хайр, өглөг, энэрэл, амар тайван байдал нь бидний тэмүүлэх ёстой эерэг зүйлс мөн болгохыг ухааруулдаг. Энэ нь бүх соёл болон бүх л цаг үед ерөнхийдөө үнэн байсан. Библи хүний мөс чанарын үүрэг ролийн тухай Ром 2:14-16 ишлэлд ингэж тайлбарлаж байна: “Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл, Хуульгүй боловч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. Хуулийн шаарддаг үйлс нь тдэний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг. Миний сайн мэдээний дагуу, энэ нь Бурханы хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр шүүх өдөрт болно”

Абсолют үнэний хоёр дахь нотолгоо бол шинжлэх ухаан юм. Шинжлэх ухаан бол үнэндээ мэдлэгийг эрж хайх явдал бөгөөд бидний мэддэг зүйлсийн гүнзгий судалгаа хийгээд илүүг мэдэх гэсэн хүсэл юм. Тийм ч учраас бүхий л шинжлэх ухааны судалгаа заавал энэ дэлхийд обьектив бодит байдал нь оршин байгаа бөгөөд энэ нь илчлэгдэж, бас батлагдах боломжтой гэсэн итгэл үнэмшил дээр л барьж байгуулагддаг, Энэ абсолютгүйгээр юу цаашаа судлагдаж болох вэ? Шинжлэх ухааны олж илрүүлж буй зүйл нь бодитой гэж яаж итгэх вэ? Үнэндээ шинжлэх ухааны жинхэнэ хуулиуд нь абсолют үнэний оршин байгаа дээр тулгуурлагддаг.

Абсолют үнэний оршин байгаа тухай гурав дахь баталгаа нь шашин юм. Энэ дэлхий дээрх бүхий л шашин амьдралын жинхэнэ тодорхойлолт, утга учрыг өгөх гэж оролддог. Хүн төрөлхтөний хүсэл нь зүгээр л оршин байхаас илүү ямар нэгэн юм байгааг мэдэх гэсэн тэмүүлэл байдаг. Шашнаар дамжуулан хүн төрөлхтөн Бурханыг, ирээдүйн найдварыг, гэм нүглийн уучлалыг, тэмцэл шаналал дотроо амар тайвныг, зүрх сэтгэлийн гүнд байгаа нууцлаг асуултынхаа хариултыг эрж хайдаг. Шашин бол хүн төрөлхтөнийг ямар нэг байдлаар өндөр хэмжээнд хувьсаж эволюцид орчихсон амьтнаас илүү дээр болохыг харуулах нотолгоо болж чадна. Энэ нь яах аргагүй хувь шинж чанартай бөгөөд зорилготой Бүтээгчийн хүний зүрхэнд Өөрийгөө мэдүүлэхээр, оршин байгаагаа батлан харуулахаар суулгасан дээгүүрх зорилгын баталгаа болно. Хэрвээ үнэхээр Бүтээгч байгаад Тэрээр абсолют үнэний хэмжүүр болж байгаа бол үнэнийг барьж байгуулах нь Түүний эрх мэдэл болж таарна.

Таны хувьд азтай тохиол нь ийм Бүтээгч байгаа гэдгийг одоо мэдэх болсон төдийгүй Тэрээр энэ үнэнээ илэрхийлэхийн тулд Библи гэх Үгээ бидэнд илчилсэн. Абсолют үнэнийг мэдэх нь зөвхөн жинхэнэ Үнэн гэж Өөрийгөө тунхагласан Есүс Христтэй хувьчилсан харилцаа тогтоосноор л боломжтой болно. Есүс Өөрийгөө цор ганц зам, цор ганц үнэн, цор ганц амь бөгөөд цор ганц Бурханд хүрэх цор ганц зам гэж тунхагласан (Иохан 14:6). Абсолют үнэн оршин байдаг гэсэн баримт нь бидэнд тэнгэр газрыг бүтээсэн төгс эрх мэдэлтэй Бурхан бий бөгөөд Өөрийн Хүү Есүс Христээр Өөрийгөө бидэнд дотночлон мэдүүлэх хүсэлтэй байгаа гэсэн үнэнд хүргэнэ. Энэ бол туйлын үнэн юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Туйлын абсолют үнэн юмуу эсвэл жинхэнэ үнэн гэх зүйл ер нь байх уу?