Эзэний заасан залбирал гэж юу вэ? Бид үүгээр залбирах ёстой юу?




Асуулт: Эзэний заасан залбирал гэж юу вэ? Бид үүгээр залбирах ёстой юу?

Хариулт:
Эзэний заасан залбирал бол Maтай 6:9-13 болон Лук 11:2-4д бичигдсэн Эзэн Есүсийн дагалдагч нартаа заасан залбирал юм. Матай 6:9-13: “Тиймд ийнхүү залбир. "Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.

Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]" Олон хүмүүс Эзэний заасан залбиралыг үг бүрээр нь давтан уншихаар өгөгдсөн залбирал гэж буруу ойлгодог. Зарим хүмүүс Эзэний заасан залбиралыг шидэт томъёо шиг санаж Бурханд нөлөөлөх юмуу онцгой хүч чадлыг агуулах боломжтой үгс мэт ханддаг.

Библи үүнээс эсрэг зүйлийг заадаг. Бид залбирах үед Бурхан бидний хэлсэн үгсээс илүү бидний зүрх сэтгэлд илүү их анхаарч сонирхдог. “Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм” (Maтай 6:6-7). Залбирахдаа бид Бурханд цээжилсэн үгээ зүгээр л унших бус, өөрсдийн зүрх сэтгэлээ уудлах хэрэгтэй (Филиппой 4:6-7).

Эзэний заасан залбирал нь хэрхэн залбирах үлгэр загвар, хэв маяг мэт ойлгогдох хэрэгтэй. Энэ нь залбиралд байх ёстой “орц, хэрэглэгдэхүүн” юу вэ гэдгийг мэдүүлдэг. Тодорхой байдлаар задлан харж үзье. “Тэнгэрт байгаа бидний Эцэг минь” гэдэг нь бид залбиралаа хэнд хаяглах ёстойг нь зааж байгаа—Эцэгт хандана. “Таны нэр ариунаар дуурсгагдаг” гэх нь бид Бурханд мөргөн үйлчилж, Түүнийг хэн болохыг нь магтан хүндэтгэх ёстойг хэлдэг. “Таны хаанчлал ирэх болтугай, хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай” гэх өгүүлбэр нь бид өөрсдийнхөө төлөө бус өөрсдийн амьдрал, манай улс оронд хандсан Бурханы төлөвлөгөөний төлөө залбирах ёстойг сануулдаг. Бид өөрсдийн бус, Бурханы хүсэл биелэхийн төлөө залбирдаг. Гэвч мөн Бурханаас хэрэгцээтэй зүйлсүүдээ асуух боломжыг авсан нь “өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч” юм. “Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач” гэдэг нь бид Бурханд гэм нүглээ өчин улайж, түүнээсээ эргэн Бурхан биднийг уучилсны адил бусдыг бас уучлахыг сануулдаг. Эзэний заасан залбиралын дүгнэлт “биднийг сорилтонд бүү оруулаач, харин бузар муугаас гэтэлгээч” гэдэг нь гэм нүглийг ялах ялалтанд тусламж гуйж, бузар нэгний дайралтаас хамгаалалт хүсч байгаа юм.

Тиймээс дахин хэлэхэд Эзэний заасан залбирал бол цээжлээд, Бурханд хандан давтан уншдаг залбирал биш. Энэ бол бид хэрхэн залбирах хэрэгтэй вэ гэдгийг заасан жишээ төдий. Тэгвэл Эзэний заасан залбиралыг цээжилнэ гэдэг буруу байж таарах уу? Мэдээж үгүй! Эзэний заасан залбиралаар Бурханд хандан залбирах нь бас буруу юу? Хэрэв зүрх сэтгэл чинь яг л адил байж, үг тус бүрийг нь үнэнээсээ хэлж байгаа бол буруу биш. Санаж байгаа бол залбиралд Бурхан бидний хэрэглэж буй онцгой үгсэд анхаардаг бус бидний зүрх сэтгэлийн ярьж буйг, Түүнтэй харилцаж байгааг илүү их сонирхдог юм. Филиппой 4:6-7 “Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална” гэж тунхагладаг.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Эзэний заасан залбирал гэж юу вэ? Бид үүгээр залбирах ёстой юу?