Есүс Христийн дахин амилалт үнэн үү?




Асуулт: Есүс Христийн дахин амилалт үнэн үү?

Хариулт:
Есүс Христ үнэндээ үхлээс дахин амилсаныг баталсан дүгнэлт баримтуудыг Бичээс дүрслэн харуулдаг. Христийн дахин амилалт Матай 28:1-20; Марк 16:1-20; Лук 24:1-53; болон Иохан 20:1–21:25 зэрэгт бичигдсэн. Амилсан Христ мөн Үйлс номонд дээр үзэгдсэн тухай бичигдсэн (Үйлс 1:1-11). Эдгээр багц ишлэлүүдээс Христийн дахин амилалтын талаар хэд хэдэн “баталгаа” олж харж болно. Эхнийх нь дагалдагчдад бий болсон огцом өөрчлөлт юм. Тэд нуугдаж байсан айдаст автагдсан бүлэг эрчүүдээс дэлхий даяар сайн мэдээг хуваалцсан хүчтэй, зоригтой гэрчлэгчид болж өөрчлөгдсөн. Амилсан Христ тэдэнд үзэгдсэн гэхээс өөр ямар зүйл энэ онцгой өөрчлөлтөнд хүргэж болох вэ?

Хоёр дахь нь элч Паулын амьдрал. Юу түүнийг чуулганыг хавчигч нэгнээс чуулганы элч болтол нь өөрчилсөн байж болох вэ? Энэ нь Дамаск явах замд амилсан Христ түүнд үзэгдсэнээс болсон юм (Үйлс 9:1-6). Гурав дахь чухал баталгаа нь хоосон булш юм. Хэрвээ Христ амилаагүй бол Түүний цогцос нь хаана байх вэ? Дагалдагчид болон бусад хүмүүс Түүний оршуулагдсан булшыг харсан. Тэд эргэж ирэхэд Түүний бие тэнд байсангүй. Тэнгэр элчүүд Тэр амалж хэлснийхээ дагуу үхлээс амилчихаад байна гэж тунхагласан (Матай 28:5-7). Дөрөвдүгээрт буюу Түүний амилалтын талаар нэмж хэлэх нэг баталгаа нь маш олон хүмүүст Тэр харагдсан байдаг (Матай 28:5, 9, 16-17; Марк 16:9; Лук 24:13-35; Иохан 20:19, 24, 26-29, 21:1-14; Үйлс 1:6-8; 1 Коринт 15:5-7).

Есүсийн дахин амилалтын бас нэг баталгаа нь Есүсийн амилалтанд элч нар маш их хэмжээний ач холбогдол өгсөнд байдаг. Христийн дахин амилалтын тухай өгүүлдэг түлхүүр багц ишлэл нь 1 Коринт 15 бүлэг. Энэ бүлэгт элч Паул Христийн амилалтанд итгэж, ойлгох нь яагаад тийм ач холбогдолтой болохыг тайлбарладаг. Дахин амилалт нь дараах шалтгаануудын улмаас маш чухал: 1) Хэрвээ Христ үхлээс амилаагүй бол итгэгчид ч бас амилахгүй (1 Коринт 15:12-15). 2) Хэрвээ Христ үхлээс амилаагүй бол гэм нүглийн төлөөх Түүний тахил хангалтгүй болох байсан (1 Коринт 15:16-19). Есүсийн үхлийг Бурхан хүлээн авч гэм нүглийн төлөөх цагаатгал биелсэн болохыг Есүсийн дахин амилалт баталгаажуулдаг. Хэрвээ тэр зүгээр л үхээд, үхсэн тэр чигээрээ үлдсэн бол Түүний тахил нь хангалтгүй байсныг илэрхийлэх байсан биз. Үүний үр дүнд итгэгчдийн гэм нүгэл уучлагдахгүй болж, тэд үхсэнийхээ дараа ямар ч найдлагагүй болох байсан (1 Коринт 15:16-19). Түүнчлэн мөнхийн амь гэх зүйл ерөөсөө байхгүй байна (Иохан 3:16). “Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн” (1 Коринт 15:20).

Эцэст нь хэлэхэд Бичээс Есүс Христэд итгэх бүх хүн яг Түүнтэй адил мөнхийн амь хүртэл амилуулагдах болно гэж маш тодорхой хэлдэг (1 Коринт 15:20-23). Нэгдүгээр Коринт 15 цаашлаад Христийн дахин амилалт Түүний гэм нүглийг ялсан ялалт, биднийг гэм нүглээс хамааралгүй ялан дийлэх хүчтэй амьдралаар амьдрах боломж өгч байгаа талаар тайлбарласан байдаг (1 Коринт 15:24-34). Мөн бидний хүлээж авах амилуулагдсан биеийн алдартай чанарыг тайлбарласан байна (1 Коринт 15:35-49). Түүнчлэн Христийн дахин амилалтын үр дүнд Түүнд итгэсэн бүхэн үхлийг бүрэн төгс ялах болно гэж тунхагладаг (1 Коринт 15:50-58).

Христийн дахин амилалт нь ямар гайхалтай үнэнийг агуулж байна вэ! “Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.” (1 Коринт 15:58). Библийн дагуу бол Есүс Христийн дахин амилалтыг хамгийн тодорхой үнэн гэж үздэг. Библи Христийн дахин амилалтыг 400 орчим хүмүүс харж гэрчилсэн гэж тэмдэглэсэн бөгөөд Есүсийн дахин амилалтын түүхэн баримт дээр үндэслэсэн Христэч чухал онол сургаал байгуулсан юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Есүс Христийн дахин амилалт үнэн үү?