settings icon
share icon
Асуулт

Бурхан бол хайр гэдэг юу гэсэн үг вэ?

Хариулт


Библи ер нь хайр гэдгийг юу гэж дүрсэлж байгааг харцгаая. Тэгээд мөн бид Бурхан бол хайрын гол үндэс болохыг зарим талаас нь харна. “Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй.” (1 Коринт 13:4-8a). Энэ бол хайрын талаарх Бурханы тодорхойлолт бөгөөд Бурхан бол хайр учраас (1 Иохан 4:8), Тэрээр яг ийм зан чанартай гэсэн үг.

Хайр (Бурхан) Өөрийгөө хэн нэгэнд хүчээр тулгадаггүй. Түүн дээр ирж байгаа хүмүүс Түүний хайраас нь болж ойртон ирдэг. Хайр (Бурхан) бүх зүйлд энэрэнгүй ханддаг. Хайр (Есүс) хүн болгонд ямар нэг талыг харалгүй сайн зүйлсийг хийдэг. Хайр (Есүс) бусад хүнд байгаа зүйлсэд шунаж атаархалгүй, гомдол гаргахгүй даруу амьдралаар амьдардаг. Хайр (Есүс) хэдийгээр харилцсан хүн болгоноо хүчээр дарамталж, үйлдэхэд хүргэж болох байсан ч Өөрийнхөө хэн болох талаар бардамнаж онгироогүй. Хайр (Бурхан) дуулгавартай байдлыг шаардаагүй. Бурхан Өөрийн Хүүгээс дуулгавартай байдлыг шаардаагүй, харин Есүс Өөрийн Эцэгтээ тэнгэрт сайн дураар дуулгавартай хандсан. “Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ” (Иохан 14:31). Хайр (Есүс) бусдын хүслийг, сонирхлыг үргэлж хардаг, харж байсан.

Бурханы хайрын хамгийн агуу илэрхийллийг Иохан 3:16-гаас харж болно. Үүнд: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” Ром 5:8 ч мөн адил мэдээг дамжуулсан. “Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм.” Эдгээр ишлэлүүдээс Бурханы хамгийн агуу хүсэл сонирхол нь биднийг Түүнтэй хамт Түүний үүрд мөнхийн гэр болох тэнгэрийн улсад байхыг хүсдэг болохыг харж болно. Тэр бидний гэм нүглийн төлөөсийг төлснөөр ийм замыг бидэнд боломжтой болгосон. Тэр Өөрийн хүслээс үүдсэн үйлдэл болгож сонгосноор биднийг хайрладаг. Хайр мөн уучилдаг. “Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ” (1 Иохан 1:9).

Тэгэхлээр Бурхан бол хайр гэдэг нь юу гэсэн үг вэ? Хайр бол Бурханы нэг мөн чанар. Хайр бол Бурханы зан чанарын гол үндэс, Түүний жинхэнэ чанар болдог. Бурханы хайр нь Түүний ариун байдал, зөвт байдал, шүүлт, эсвэл бүр Түүний уур хилэнтэй нь зөрчилдөх ямар ч боломжгүй. Бурханы бүх мөн чанарууд нь бүрэн төгс эвсэг байна. Бурханы хийж байгаа бүх зүйл хайр энэрлээр, мөн зөвт шударгаар байдаг. Бурхан бол жинхэнэ хайрын төгс үлгэр жишээ. Гайхалтай нь Бурхан Өөрийн Хүү Есүсийг нь аврагчаар хүлээн зөвшөөрсөн хүн болгонд Өөр шиг нь хайрлах чадварыг Ариун Сүнсний хүч чадлаар дамжуулан өгдөг байна (Иохан 1:12; 1 Иохан 3:1, 23-24).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бурхан бол хайр гэдэг юу гэсэн үг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries