Христэч ертөнцийг үзэх үзэл гэж юу вэ?




Асуулт: Христэч ертөнцийг үзэх үзэл гэж юу вэ?

Хариулт:
“Ертөнцийг үзэх үзэл” гэж энэ ертөнцийн талаар тодорхой байр суурьнаас хандах олон талт үзэл баримтлалыг хэлдэг. “Христэч ертөнцийг үзэх үзэл” гэдэг нь тэгвэл энэ ертөнцийн талаар Христэч байр сууринаас хандах олон талт үзэл баримтлал болох аж. Хувь хүний ертөнцийг үзэх үзэл нь энэ ертөнцийн талаарх түүний бүх итгэл үнэмшлийн зохицол болсон “том зураглал” байна. Энэ нь түүний бодит байдлыг ойлгох арга зам. Тухайн ертөнцийг үзэх үзэл нь түүний өдөр бүр гаргаж буй шийдвэрүүдийн үндэс суурь болдог учир туйлын ач холбогдолтой.

Ширээн дээр тавьсан алимыг хэд хэдэн хүн харж гэж бодьё. Ургамал судлаач алимыг хараад ангилалд оруулна. Зураачын хувьд түүнээс амь амьдралыг зураглан, түүнийг зурна. Ногооны худалдаачин хараад ашиг орлогоо бодон, авах гэж оролдоно. Өлссөн хүүхэд хараад үдийн хоол мэт санаж иднэ. Ямар нэг нөхцөл байдлыг бид яаж харж байгаа нь бидний ерөнхий ертөнцийг хардаг үзэл бодлын нөлөөнд оршиж байдаг. Христэч эсвэл Христэч бус ертөнцийг үзэх үзэл болгон дараах гурван асуулттай холбоотой байдаг.

1) Бид хаанаас ирсэн бэ? (яагаад энд байгаа вэ?)
2) Энэ дэлхийд юу болчихоод байна вэ?
3) Бид үүнийг хэрхэн засварлах вэ?

Өнөөдрийн зонхилж байгаа ертөнцийг үзэх үзэл нь натурализм бөгөөд дээрх гурван асуултанд ийм хариултыг өгдөг. 1) Бид байгалийн санамсаргүй үйлдлийн бүтээгдэхүүн бөгөөд ямар ч бодит зорилго байхгүй. 2) Бид ингэх хэрэгтэй шигээ байгалийг хүндэлж чадахгүй байна. 3) Бид экологийг хадгалснаараа дэлхийг аварч чадна. Натуралистик ертөнцийг үзэх үзэл нь ёс суртахууны релативизм (хамааралтай үзэл), экзистэншиализм, прагматизм болон утопианизм гэх зэрэг харилцан хамааралтай олон философи гүн ухааныг төрүүлэн гаргасан.

Харин нөгөө талаас Христэч ертөнцийг үзэх үзэл нь библийн дагуу дээрх гурван асуултанд хариулдаг. 1) Бид бол Бурханы бүтээл бөгөөд дэлхийг захирч, Түүнтэй харилцаатай байхаар бүтээгдсэн (Эхлэл 1:27-28; 2:15). 2) Бид Бурханы эсрэг гэм нүгэл үйлдэж, бүх дэлхийн хараагдах үндэс нь болсон (Эхлэл 3). 3) Бурхан Өөрөө энэ дэлхийг Өөрийн Хүү Есүс Христийн тахилаар буцаан зольж цагаатган авсан (Эхлэл 3:15; Лук 19:10) бөгөөд нэг өдөр бүтээлийг анхны төгс хэлбэрт нь буцаан сэргээх болно (Исаиа 65:17-25). Христэч ертөнцийг үзэх үзэл нь ёс суртахууны төгөлдөршил, гайхамшиг, хүний сүр жавхлан болон цагаатгал зөвтгөлийн боломжтой байдалд итгэхэд хүргэдэг.

Ертөнцийг үзэх үзэл нь олон талт шинжтэй гэдгийг санаж байх нь чухал. Энэ нь мөнгөнөөс мораль (ёс суртахуун) хүртэл, улс төрөөс урлаг хүртэлх амьдралын талбар бүрт нөлөөлдөг. Жинхэнэ Христитгэл гэдэг бол чуулганд очихдоо л хэрэглэдэг санаа бодлуудын нийлбэр төдийхэн биш. Үүнээс илүү өргөн. Библид заагдсан тэр хэвээрээ Христитгэл нь бүхэл ертөнцийг үзэх үзэл. Библи “шашны” болон “нийгмийн” амьдрал гэж хэзээ ч тусгаарлаж байгаагүй. Христэч амьдрал гэдэг бол яг л тэр хэвээрээ бүхэл амьдрал мөн. Есүс Өөрийгөө “зам, үнэн, амь” (Иохан 14:6) гэж тунхагласан бөгөөд энэ нь бидний ертөнцийг үзэх үзэл болдог.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Христэч ертөнцийг үзэх үзэл гэж юу вэ?