Библи судлах зөв арга зам нь юу байх вэ?




Асуулт: Библи судлах зөв арга зам нь юу байх вэ?

Хариулт:
Бичээсийн утга учрыг тодорхойлох гэсэн үүрэг нь итгэгчдийн амьдралд байх ёстой чухал зүйлсийн нэг мөн. Бид зүгээр л Библийг уншаад байх ёстой гэж Бурхан хэлээгүй. Бид үүнийг судлах, зөвөөр ойлгох ёстой (2 Тимот 2:15). Бичээсийг судлана гэдэг бэрхшээлтэй ажил. Бичээсийг товч нүдлэн харах үйлдэл нь заримдаа маш буруу дүгнэлтэнд хүргэж болох юм. Тийм болохоор Бичээсийн зөв утгыг тодорхойлох зарим зарчмуудыг ойлгох нь үнэхээр ач холбогдолтой.

Нэгдүгээрт Ариун Сүнсний нэг чухал ажил үүрэг нь бидэнд Бичээсийн ойлголтыг өгөх байдаг учир Библийг суралцагч хүн Түүнээс асууж залбирах ёстой. “Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ” (Иохан 16:13). Ариун Сүнс Шинэ Гэрээг бичихдээ элч нарыг удирдсан шигээ Тэрээр бас Бичээсийн ойлголт руу биднийг удирдах болно. Библи бол Бурханы үг учраас Бид ямар утгатайг нь Түүнээс асуух хэрэгтэй гэдгийг санаарай. Хэрвээ та Христэд итгэгч бол Бичээсийг зохиогч болох Ариун Сүнс таны дотор оршин байгаа учраас Өөрийн бичсэн зүйлсээ ойлгуулахыг хүсэх болно.

Хоёрдугаарт, бид бичээсийн нэг хэсгийг эргэн тойрных нь утга дундаас таслан гаргаж аваад хам сэдвээс нь тусгаарлан утгыг нь тодорхойлох гэж хичээх ёсгүй. Бид үргэлж эргэн тойрных нь ишлэлүүд болон бүлгүүдийг уншиж хам сэдэв нь бүхэлдээ юуны талаар өгүүлж байгааг нь ялгаж байх хэрэгтэй. Хэдийгээр Бичээс бүхэлдээ Бурханаас ирсэн боловч (2 Тимот 3:16; 2 Петр 1:21), Бурхан бичүүлэхийн тулд хүнийг ашигласан. Тэдгээр эрчүүд нь өөрсдийн ой тойндоо тодорхой сэдэв, зорилго, онцгой нөхцлийн талаар бодож байж хаяглан бичсэн байх учиртай. Тиймээс бид Библийн тухайн номны түүхэн нөхцөл байдал буюу хэн бичсэн, хэнд зориулж бичсэн, хэзээ бичсэн, яагаад бичсэн зэргийг нь олж мэдэх хэрэгтэй болно. Түүнчлэн тухайн текст өөрөө бидэнд юу хэлэх гээд байгааг нь харгалзан үзэх хэрэгтэй. Заримдаа хүмүүс өөрсдийн хүсэж буй тайлбарыг гарган ирэхийн тулд үгсэд нь өөрсдийн утга учраа оруулсан байдаг.

Гуравдугаарт, бид өөрсдийн Библи судлалаа бүрэн тусгаар байлгахаар хичээх ёсгүй. Бичээсийг бүхэл амьдралынхаа ажил үйлсээр судлан байж ойлгосон бусдын ойлголтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэх нь биеэ тоосон болно. Зарим хүмүүс өөрсдөө зөвхөн Ариун Сүнсэнд хамааралтай байж, Бичээсийн нуугдсан бүх үнэнийг илрүүлэх болно гэсэн алдаатай бодолтойгоор Библид ханддаг. Христ Ариун Сүнсийг өгснөөр Христийн бие болсон хүмүүст сүнслэг бэлгүүдийг өгсөн. Эдгээр сүнслэг бэлгүүдийн нэг бол заах (Ефес 4:11-12; 1 Коринт 12:28) юм. Эдгээр багш нар Эзэнээс бидэнд Бичээсийг зөв ойлгон, дуулгавартай байхад суралцуулахаар өгөгдсөн юм. Библийг бусад итгэгчидтэй хамт судлан, Бурханы үгийг ойлгож хэрэгжүүлэхэд бие биендээ туслах нь хамгийн ухаалаг хэрэг байх болно.

Тиймээс дүгнэж хэлэхэд Библи судлах хамгийн зөв зам нь юу байх вэ? Нэгдүгээрт залбирал болон даруу байдлаар Ариун Сүнс л бидэнд ойлголтыг өгнө гэж найдах ёстой. Хоёрдугаарт, бид Бичээсийн өөрийнх нь хам сэдэв дотор нь судалж, Библи өөрөө өөрийгөө тайлбарлахыг нь харж ойлгох хэрэгтэй. Гуравдугаарт, бид өнгөрсөн болон одоогийн Библи судлаж буй бусад Христитгэгчдийн хүчин чармайлтыг хүндэлж Библи судлахдаа авч хэрэглэх, хамтдаа судлах нь чухал юм. Бурхан бол Библийн зохиогч, Тэр биднийг үүнийг ойлгоосой гэж хүсч байдгийг санаарай.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Библи судлах зөв арга зам нь юу байх вэ?